Автомашин

Байгальд ээлтэй BMW Concept i4 загвар

 

BMW Concept i4-ийг танилцуулж байна. Үүний өмнөх, илүү жижиг i3 загвар нь аль хэдийн цахилгаан автомашин гэдэг ангилалд багтаад байгаа билээ. 

Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани ойрын ирээдүйд хүлэмжийн хий ялгаруулдаггүй загваруудаа хөгжүүлэх зорилготой байгаагийн нэг жишээ нь энэхүү гайхамшигт Gran Coupe юм. Дизайны тухайд дээврийнхээ голоос доош урссаар багажны хаалганы ирмэг хүрсэн урт налуу шугамтай бөгөөд экстерьертээ цайвар зэсэн өнгийг сонгосон нь гоёмсог сайхан болжээ. Үүнээс гадна тун инновацлаг энэхүү Gran Coupe автомашины урд болон хажуу талд цэнхэр өнгийн элемент оруулж, арын хэсэгт BMW i цувралын үндсэн шинжийг тусган өгчээ. 

 

 

 

 

BMW i4 консепт автомашины нүүрний онцлогийг дурдвал, хамар хэсгийн хос хоёр том нүх, усан хээн дүрсэд оруулсан ЛЕД гэрэл зэрэг багтана. Навтайлгаж дарсан L үсэг шиг сунаж тогтсон хэлбэртэй гэрэл нь машиныг араас нь яахын аргагүй л зам дээр давхиж байхаар зориулагдсан мэт харагдуулна. Машины арын диффюзер, онц гойд харагдах обуд зэрэг нь аэродинамикийг нь сайжруулах хүчин зүйлс болсон бөгөөд ингэснээр агаарын эсэргүүцэл сайжрахын зэрэгцээ тухайн машины динамик илэрхийллийг тодотгож өгчээ. 

 

 

Бүхээг дотор жолоочийн хэрэглээнд дээд зэргээр нийцүүлсэн мэдрэгчтэй дэлгэц байх бөгөөд араа солих үйлдэл нь гарын аясаар урсах мэт хялбархан хийгдэж байгаа нь ирээдүйн машин гэлтэй. iDrive Controller, хаалган дээр байрлуулсан суудал удирдах санах ойн товчлуур гэх мэт хяналтын элементүүдийг үнэт болроор чимэглэсэн байна. Эдгээр дээр нэмээд суудлыг арьс болон эдэлгээ сайтай материалаар бүрсэн нь дизайны гүйцэтгэлийг цогц болгожээ. 

 

 

 

 

BMW Concept i4 нь өөрийн гэсэн дизайнаар ялгарахаас гадна инновац шингэсэн дуу чимээгээрээ бусдаас содон. Дуун дээр BMW IconicSounds Electric-ээр удирдуулсан дэлхийд танигдсан хөгжмийн зохиолч Ханс Зиммер болон BMW-ийн саунд дизайнер Рензо Витале нарын хамтрал ажиллажээ. BMW IconicSounds Electric нь BMW-ийн цахилгаан автомашинуудыг өвөрмөц ая, дуунуудын тусламжтай сонсголонтой, эрч хүчтэй болгох зорилго тээн ажилласан байна. Хаалга нээмэгц аялал эхэлж буйг таниулах дуу чимээ гарахаас энэ бүгд эхлэх юм. Энэхүү дууны систем нь машин спорт төлөв дээр байгаа үед илүү сайн мэдрэгдэх юм байна. 

 

BMW Concept i4 нь 80 киловатт цагийн хүчин чадалтай болсон учир нэг цэнэглэлтээр 600 км замыг 530 морины хүчээр туулах боломжтой болжээ.