Чиг хандлага

Jitrois 2023 оны хавар/зуны цуглуулга: Хувцас загварын анагаах хүч

Jitrois-д “Өөрийгөө дахин шинэчил”

Jean-Claude Jitrois (Жан-Клод Житройс) нь анагаах хүчний тухай ойлголтыг хувцас загвараараа дамжуулан илэрхийлэхийг зорьдог талаар тус брэндийн загвар зохион бүтээгч онцолж байсан удаатай.

Альтер эго хэмээх ойлголт нь хүн өөр өөрийгөө шинээр нээх боломжийг олгодог гэх бөгөөд зарим тохиолдолд олон нийтийн орчинд илүү эрх чөлөөт төрхийг эрхэмлэж, хүчирхэг байлгахад тусалдаг байна. Загвар зохион бүтээгч болон сэтгэл зүйч Jean Claude Jitrois нь эдгээр зүйлсийг өөрийн хувцас загвартаа шингээхийг зорьсоор ирсэн нэгэн. Савхин хувцас загвараар дагнасан тус брэнд 2023 оны хавар, зуны цуглуулгаараа дамжуулан онцгой хэв маяг, донж бүхий загвараа танилцуулсан. Тус цуглуулга нь хувцас өмссөн ч өмсөөгүй мэт тав тухтай байдлыг илтгэх орчин үеийн, авангард загвартай. 

 

Jitrois брэндийн бэлгэ тэмдэг болсон, чанараараа бусдаас ялгарах сунадаг арьсаар хийсэн хатгамалтай богино хантааз, цоорхой мөртэй тэгш бус хэлбэртэй цамц, тод өнгийн богино банзал, том цахилгаантай өргөн өмд зэрэг цоо шинэ өвөрмөц загваруудаас бүрдэнэ. 70-аад оны диско үеийн загвараас санаа авч бүтээсэн нарийн бэлхүүстэй, гүн энгэрийн ухлаадастай даашинз болон комбинезоныг энд мөн дурдаж болно. 

"Илүү сайн сайхан ирээдүйг цогцлоон бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал" - Загвар зохион бүтээгч Jitrois  

Харин эрэгтэй загварын хувьд мөнгөлөг богино шорт, цахилгаантай халаастай нарийн байкер загварын өмд, цахилгаантай бариу хантааз болон цоорхой мөртэй зэрэг халуухан загваруудаас бүрджээ. Өнгөний хувьд цайвар мөнгөлөг цэнхэр, хар мөнгөлөг, байгалийн ногоон, улаан, шар, гүн ногоон, далайн хөх болон гялалзсан, гэрэлтсэн гээд олон сонголттой. Түүнчлэн тунгалаг цэнхэр болон цагаан гэх мэт төвийг сахисан өнгөний зохицлыг тус загвараас харж болохоор байна. 

Jean Claude Jitrois загварууд нь чөлөөтэй, шинэлэг хэв маяг болон онцгой дүр төрхийг бүтээхэд тусалдаг.