Итали үндэстний уламжлалт жороор бэлтгэсэн амтат зоог
 

Хоолны соёл

Il Fiore: Aхлах тогооч Андреа Бартоли

Улс орнуудын газарзүйн онцлог, соёл, зан заншил нь тухайн бүс нутгийн хоолны орц найрлага, арга барилд онцгой нөлөө үзүүлдэг. Тэр дундаа газар дундын тэнгисийн хоолны соёлыг далайн гаралтай бүтээгдэхүүн, загас, жимс, хүнсний ногоо, гоймон зэрэггүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд эдгээр нь мөн Итали хоолны өвөрмөц онцлогийг бүрдүүлдэг байна.

Олон зууны туршид хамгийн алдартай хоолны жоруудыг өдөр тутмын гэрийн хоолноос санаа авч гаргасан байдаг. 

Итали хоолны гол шинж чанар нь энгийн, цөөхөн орцноос бүрдэх бөгөөд бэлтгэх явц дахь нарийн, төвөгтэй байдлаас илүү амт чанартай найрлагад анхаарал хандуулдаг явдал юм. Мөн хоолны онцлог шинж бүрэлдэхэд чухал нөлөө үзүүлсэн Archestratus нь загасыг энгийн байдлаар бэлтгэхэд ихээхэн ач холбогдол өгдөг байсан  төдийгүй Норманчууд сагамхай загасыг давсаар амтлан бэлтгэх аргыг түгээн дэлгэрүүлснээр өдгөө уг хоол нь  алдартай хэвээр байгаа юм.

Ийнхүү Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт байрлах тансаг зэрэглэлийн Il Fiore рестораны ахлах тогооч Андреа Бартолитой итали хоолны онцлог болон соёлын талаар ярилцлаа.

"Андреа Бартолли: Би Тосканаас гаралтай. Тосканы бүс нутагт улаан лооль, улаан лоолийн сүмсийг өргөн хэрэглэдэг. Харин Ром бол карбонара болон өндөгтэй сүмсээрээ нэлээд алдартай. Тиймээс Италийн бүс нутаг болгон өөр өөрийн гэсэн онцгой хоолтой гэж болно. Бүх итали тогооч эхлээд судалж, суралцаж, аль ч бүс нутгаас ирсэн бай хамаагүй бүх төрлийн хоолыг хийж, туршиж үздэг. 

Итали хоол алдартай байдгийн шалтгаан нь хэрэглэж буй хүнснээсээ болдог гэж би боддог. Бүс нутгийн зөөлөн уур амьсгал болоод мах, жимс зэрэг нь их сайн чанартай. Хоол хийхдээ сонгосон үндсэн материал болоод түүний чанар бол хамгийн чухал зүйл. Ерөнхийдөө бид хоолоо бэлтгэхдээ тийм ч онцгой арга барил ашиглаад байдаггүй, энгийн л аргуудаар бэлтгэдэг. Итали хэлэнд "Cucina della nonna" буюу эмээгийн хоол гэсэн утгатай үг байдаг. Би хуучны, уламжлалт жоруудыг ашиглах илүү дуртай. Нэг үгээр, энгийн орцуудаар хоолоо бэлтгэдэг. Гэхдээ ямар ч хоол хийсэн сэтгэлээ шингээн бэлтгэдэг гэж болно. Хоол хийхдээ сэтгэлээ шингээнэ гэдэг бол итали хоолны хамгийн наад захын соёл гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч бид төгс төгөлдөр болгох хүртлээ суралцаж, жоруудаа янз бүрээр туршдаг. 

Ресторандаа хийдэг миний нэрийн нэг зоог бий. Уг зоогоо итали хоолонд түгээмэл хэрэглэгддэг сагамхай загас болон итали сүмс, мөн өөр нэг тайланд орцоор бэлтгэдэг. Энэ хоолыг “Baccalà dello chef” буюу “Ахлах тогоочийн нэрийн сагамхай загас” гэж нэрлэсэн. Сагамхай загасаа нимбэг, цагаан цуу, чидуны тосоор бэлтгэсэн сүмсэнд дарж, болгоод, туулайн бөөр самар, үзэм, goudaberry-тэй хамт шарсан бууцайн дээр тавьж олгодог. 

Бидний хамгийн том давуу тал бол үйлчлүүлэгчээ гэр бүлийнхээ гишүүн мэт үзэж үйлчлэх явдал."

 

 

 

Энгийн жороор гайхалтай амтыг бүтээсэн ахлах тогоочийн нэрийн зоогийг амтлангаа мэргэжлийн бартендэрийн коктейлиос сонголтоо хийн сонгодог аялгуутай тансаг орчинд найрсаг үйлчилгээ таныг угтан авах болно.