Зочид буудал

Саудын Арабын Улаан тэнгисийн эрэгт орших Shebara Resort

Саудын Арабын Улаан тэнгисийн эрэгт орших Sheybarah арал дээр байрлах, ирээдүйн хэв маягийг шингээсэн тансаг зэрэглэлийн амралтын газар бол Shebara Resort юм. 

2024 оны 11-р сард нээлтээ хийсэн тус амралтын газар нь Red Sea Global-ийн аялал жуулчлалын томоохон төслийн нэг хэсэг бөгөөд усан дээрх 38 вилла болон далайн эргийн 35 вилла нийт 73 виллагаас бүрдэнэ.

Эдгээр вилла нь толь мэт гялалзсан бөмбөлөг хэлбэртэй бөгөөд тэнгисийн өнгө, хээ угалзыг тусгасан загвартай. Мөн нарны эрчим хүчээр бүрэн хангагддаг бөгөөд дэлхийн хамгийн цэвэрхэн шүрэн арлуудын нэгэн дээр байрладаг гэдгээрээ алдартай юм. Амрагчид Shebara Resort-оор зочлохдоо бүс нутгийн онцлогийг тусгасан далайн эргийн SARIA Pool Bar and Grill, Solera adults-only бараар үйлчлүүлэх боломжтой. Мөн зочдын алжаалыг тайлах спа, нүүр биеийн массаж, усан сан, хүүхдэд зориулсан тусгай тоглоомын хэсгүүд багтсан ба завьтай аялал, улаан тэнгисийн шүрэн арлуудыг харах усан доорх аялал зэргээрээ онцлог юм.

Shebara Resort нь 2025 оны TIME сэтгүүлийн "Дэлхийн хамгийн гайхамшигтай газрууд"-ын нэгээр нэрлэгдсэн. Энэхүү амралтын газар нь сансрын хөлөг мэт хэв маяг, байгаль орчныг тусгасан архитектураараа хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа юм.