Архитектур, дизайн

Португал дахь минималист сууц Elliptic House

Нумарсан хэлбэр, минималист хэв маягийг бүрдүүлсэн Elliptic House!

Португалийн архитектор Mario Martins-ын бүтээсэн энэхүү сэтгэл татам, контемпорари хэв маягийн вилла нь Португалийн өмнөд хэсэгт орших Algarve мужийн Luz-д байрладаг. Давхарлаж тавьсан зууван хэлбэр бүхий гантиг цагаан энэ барилга тансаг хэв маягийг цогцлоосон 400 м.кв талбайг хамарна. Байгалийн жинхэнэ гоо үзэсгэлэн дунд анзаарагдахгүй байхын аргагүй өвөрмөц төрх!

 

Зууван хэлбэр нь барилгын ерөнхий бүтцэд хөнгөн төрх авчирч, ногоон талбай дээгүүр хөвж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тус сууцны онцгой хэлбэрийг ус, салхины хөдөлгөөнөөс сэдэвлэсэн бөгөөд энэ нь Португалийн тус бүс нутагт өвөрмөц байдлыг бий болгожээ. Энэ бол байгаль болоод архитектурын төгс зохицол юм.

 

Хүрээлэн буй орчиндоо уусан нэгдсэн, уран баримал мэт Elliptic House нь Португалийн энэ эргийн байгалийг бүрэн дүүрэн мэдрэх боломжийг олгодог. Цэлгэр том цонхнуудын ачаар гаднах орчин нь байшингийн өрөө болгоны интерьерийн үргэлжлэл мэт харагдана. 

 

Тус сууц нь гадна болон дотор талын аль алинд минималист өнгө төрхийг бүрдүүлжээ. Хана, шал, тааз, цонх гээд Elliptic House-ын бүх хэсэг цагаан өнгөтэй. Энэ бол бүрдэл хэсгүүдийг нэгтгэх хамгийн оновчтой арга юм. Харин тохижилтыг саарал, бор, шаргал өнгийн тавилгуудаар бүрдүүлсэн ба том дугуй цонх, хагас нумарсан шат нь барилгын ерөнхий хэлбэрийг хадгалжээ.

 

Түүнчлэн дээврийн дугуй цонхны доор байрлах цэцэрлэг нь усан сан болон жакуззитай залган байрлана. Хил хязгаар, орон зайн тухай ойлголтыг тань бүрэн өөрчлөх далайн гайхалтай үзэмжийг бүхий л хэсгээс тольдох боломжтой. 

 

Хүрээлэн буй орчинтойгоо бүрэн уусан нэгдсэн сууц!

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла