Архитектур, дизайн

Тансаг, дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гоёмсог гэрлүүд

Гоёл чимэглэл, хэрэгцээт байдал, хуучиршгүй хэв маяг, онцгой хэлбэр, материал бүхий гайхалтай загвартай гэрлүүдийг сонгон танилцуулж байна.

Нидерландын "Zeijler Cleven" студийн дизайнер Фабиан Зейлер, Тесс Клевен нарын зохион бүтээсэн контемпорари загварын гэрлийг танилцуулъя. Энэ нь гэрэл болон хүрээлэн буй орчинд чиглэсэн дизайнеруудын сонирхол дээр тулгуурлан бүтсэн төсөл юм. Материалыг сонгохдоо сүүдэр үүсгэх хэлбэр, гэрлийн ойлт, нумарсан байдал зэрэгт онцгой анхаарал хандуулсан байна. Уг чийдэнгийн материал нь хамгийн эртний гэрэлтүүлгийн аргуудын нэг болох галаар онцгойрох төдийгүй гоёмсог чамин дүр төрхийг санал болгодог. 

 

 

"Larose Guyon"-ы дараах бүтээлээс түүний нарийн ур чадвар харагдана. “Coco” гэж нэрлэгддэг уг өвөрмөц гэрлийг алдарт загвар зохион бүтээгч Габриэль Шанелийн хүндэтгэлд зориулан бүтээсэн бөгөөд гоёл чимэглэл болоод гэрлийг нэгтгэсэн нь санаанд багтамгүй, сонгодог, уян хатан байдлын илэрхийлэл болжээ. Тус бүтээл нь асар том сувдан зүүлт мэт харагдана. 

 

Кебекийн дархчуудын урласан, гар хийцийн арван шилэн бөмбөлөг нь энэхүү аварга зүүлтний гол бүрэлдэхүүн юм. Үүнийг хэд хэдэн янзаар өлгөж болох бөгөөд энэ онцлог нь гэрлийг анхаарлын төвд байх боломжийг олгодог. Гоёмсог чамин байдлыг нь улам тодруулахын тулд жин болон чимэглэлүүдийг нэмэх боломжтой аж. Гууль, зэс, никель болон хар өнгийн материалуудыг ашиглан энэ гэрлэн чимэглэлийг бүрэн өөрчилж болно.

 

 

 

Олон зуун дамжин уламжлагдаж ирсэн Чехийн шил үлээх аргыг ашигладаг "Brokis" брэнд маш өвөрмөц загвартай гэрлүүдийг санал болгодог. Ян Рабеллын үүсгэн байгуулсан энэхүү брэнд контемпорари загвар, гар урлалын хил хязгаарыг давж, гар хийцийн өвөрмөц бүтээлүүдийг гаргахын тулд бүтэц, материал, уран чадвар дээр тоглолт хийдэг. Тэд үлээсэн шилийг мод, шахмал металл зэрэг өндөр чанартай материалуудтай нэгтгэж, контемпорари бас сонгодог загвартай өвөрмөц цуглуулгуудыг бидэнд санал болгодог билээ. Люси Колдовагийн “Muffin and Macaron” гэх бүтээлийн дугуй, эзэлхүүнтэй хэлбэр хараа булаана. Энэ нь Словакийн дизайнер Борис Климекийн уран нарийн, бүтээлч цувралын нэг хэсэг юм. 

 

Дан Йеффет, Люси Колдова нарын бүтээсэн “Shadows suspension” гэрлийн шилний чамин, цэвэр, гайхалтай урлалыг бишрэхгүй байхын аргагүй. Тэд үүгээрээ бидэнд үйлдвэрийн метал гэрлүүдийг эргэн сануулахыг хүсчээ. 

 

 

Төгс хэмээн тодорхойлж болох бүтээлүүд… 

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла