Хоолны соёл

Динара Каско болон түүний гайхамшигт бүтээлүүд

Украйны нарийн боовны тогооч Динара Каскогийн бүтээлийг идэх боломжтой архитектур гэж хэлж болно. Украйн улсаас гаралтай Динара нь Харьковын Архитектурын Их Сургуулийг төгссөн бөгөөд 3D загварчлалаар хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, хуучны бүхий л дүрэм журмыг эвдсэн, нарийн төвөгтэй хэлбэр бүхий амттангуудыг хийдэг.

Өдгөө 35 настай Динара Каскогийн хийсэн амттан болон шинэлэг хэлбэр дүрстэй бүтээлүүд нь өвөрмөц, нарийн бүтэц, геометрийн тодорхой хэлбэрээрээ онцлог. Тэрээр бүтээл болгондоо шинэ арга техник ашиглан, онцгой содон шинж чанарыг шингээдэг байна. 

Салшгүй амтыг танд мэдрүүлэх гайхамшигт бүтээлүүд!

Динара Каско нь архитектур, геометрээс гадна байгаль эхээс санаа авч, бүтээгдэхүүнийхээ загварыг гаргадаг аж. Үүнийхээ дараагаар гурван хэмжээст  FDM хэвлэгч ашиглан бялууны хэлбэр бүхий, хүнсний зориулалттай силикон хэв гарган, сонирхолтой хэлбэр дүрсүүдийг бүтээдэг байна. 

 

Нарийн ур чадвар шаардсан, амтат бүтээлүүдээс нь "Бөмбөлгөн бялуу"-г энд жишээ болгон дурдъя. Энэхүү өвөрмөц амттан нь гуава, манго, зефирэн давхаргатай хөвсгөр бялуу бөгөөд гадуур нь цагаан шоколадаар бүрж, бөмбөлөг хэлбэрийг гаргажээ. Мөн “Геометрийн амттан” гэх нэртэй Динарагийн өөр нэгэн бүтээл бий. Тус шоколадтай хөвсгөр бялуу нь дотроо мусс, жимсний цэлцгэнүүртэй бөгөөд гаднаасаа яг л цемент шиг харагдах аж.