Чиг хандлага

Chanel-ийн хосгүй бүтээлүүд

Chanel-ийн цаг бүхэн бүтээлч мөн чанарын үр дүн байдаг.  Үүнийг “Capsule Interstellar” цуглуулгын хорин хоёр загвараас харж болно. 

Габриэль Шанель бугуйн цагт төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан тул огт зүүдэггүй байсан гэгддэг. Харин тэрээр дөч хүрэхгүй жилийн хугацаанд гайхалтай амжилтад хүрсэн эдгээр загваруудын өмнө бодлоо өөрчлөх байсан нь гарцаагүй. Тухайлбал, “Première”, “Boy-Friend”, “Code Coco”, тэр дундаа “J12” загварыг энд дурдаж болно.

Хайрцагт буй долоон ширхэг J12 загвар дээр матт хар болон цагаан керамикаар сарны хөдөлгөөнийг дүрсэлжээ. Уг гоёмсог бүтээлийг "Watches & Wonders" арга хэмжээнд танилцуулсан даруйд 250,000 еврогийн урьдчилсан захиалга авсан байна. 

 

Цаг урлалын гайхамшиг, очир эрдэнээр чимэглэсэн “J12 Cybernetic”, “Hyper Cybernetic” нь офсет пикселээрээ стандартыг өөрчиллөө. Эдгээр загваруудыг сансар огторгуй, шинжлэх ухааны уран зөгнөл, галактикуудаас санаа авч бүтээжээ.  Жак Эллегийн санаачилсан алдарт загварын ачаар J12 нь цаг хугацааны шалгуурыг давж үнэ цэнээ хадгалсан хэвээр байна. Тэрээр 2007 онд нас барах хүртлээ цаг, үнэт эдлэлийн бүтээлч захирлын албыг хашиж байсан юм.  Гэхдээ энэ бүхний ард керамик материал хамгийн чухал нь. Зүлгэх материалын хэдэн сая ширхэг, олон мянган цочрол даралт, хэт ягаан туяан дор хэдэн арван цаг хатаах зэрэг эрс тэс нөхцөл дор биежиж, хамгийн хатуу шалгууруудыг даван гарсны эцэст бэлэн болно. Сансрын хөлгүүд, од эрхэс, мөн Кокогийн бэлэг тэмдгийг нүүрэн дээр нь дүрсэлсэн төдийгүй нар сарны хиртэлтийг ч харах боломжтой.  Уг загвараас ердөө 55 хувийг гаргажээ. Үнийн хувьд 100,000 гаруй еврогоор үнэлэгдэж байгаа аж...

 

Chanel-д бид дээд зэрэглэлийн загварын мэргэжилтнүүдийн арга барилыг үргэлж онцлох боломжтой байдаг. Энэ бол гар урлалд чиглэсэн гайхалтай цуврал юм. Тухайлбал, “Mademoiselle Privé Pique-Aiguilles” загвар нь Габриэль Шанелийн  хувийн ертөнцийг эргэн дурсахад зориулагджээ. Энэ бүтээл тансаг зэрэглэлийн цаг болон уран нарийн гар урлалын зааг дээр огтлолцоно. Габриэль Шанель хайчаа хэзээ ч биеэсээ салгаж байгаагүй бөгөөд туузанд тогтоон, хүзүүндээ зүүхээс гадна, зүүнүүдээ бугуйвч болгон гартаа зүүдэг байжээ. Түүний зүү тогтоогчоос санаа авч урласан цагнууд нь бөмбөгөр шил бүхий гоёмсог гэртэй. Алт, очир эрдэнэ, сувд, гартаам чулуунаас бүрдэх, брэндийн тансаг зэрэглэлийг илтгэх бэлэг тэмдгүүдээр эдгээр гайхалтай цагны нүүрийг чимжээ.

Цаг урлаачдын шаргуу хөдөлмөрийг илтгэх 5 өвөрмөц загвар… Брэндийн алдарт цамцыг дүрслэхдээ жижиг хайч, хатгамал, сувд, твид бөс зэргийг ашигласан байна.

 

Харин энэхүү загварт 55 миллиметр орчим тойрог дотор 917 ширхэг очир эрдэнийг шигтгэн суурилуулжээ. Өөр нэг загварт нь Chanel-ийн цүнхний алдарт гинж болон бүх онцлог агуулагдсан нь тод харагдана. 

 

Загвар тус бүрээс ердөө 20 хувийг гаргасан бөгөөд үнийн хувьд 200,000 гаруй еврогоор үнэлэгдэж буй аж. 

Тугалын арьсаар хийсэн “Code Coco Cybergold” цаг нь Chanel цүнхний бүх онцлогийг агуулжээ. Тухайлбал, хар эмжээртэй ширмэл оосор болон алдарт түгжээг харж болно. Цагийг дөрвөлжин хэлбэртэй очир эрдэнээр даруухан чимэглэсэн байна. “Première” цуглуулгын нэг хэсэг болгож 1987 онд гаргасан энэхүү загварыг цөөн тоогоор урлажээ. 26,000 еврогийн үнэтэй тус цаг нь хар керамик, титан, шар алт, очир эрдэнэ, хар лакан нүүртэй.

 

Одоор чимэглэсэн “Première Hyper Lucky Star” загвар нь 130,000 еврогийн үнээр худалдаалагдаж буй аж. 1932 оны “Diamond Jewelry” цуглуулгаас хойш Chanel-ийн бүтээлүүдэд очир эрдэнийг ихээр ашиглах болсон юм. Энэ үнэт чулуу нь керамик, цагаан ба хар өнгөний төгс хослол, Coco Chanel-ийн онцлог шинж, мөн брэндийн үндсэн аксиомтой гайхалтай нийцдэг.