
Чиг хандлага
Dolce & Gabbana: Миланы загварын долоо хоног
Дэлхийн алдарт Dolce & Gabbana брэндийн 2025 оны намар, өвлийн эрэгтэй хувцас загварын шоу Миланы загварын долоо хоногийн (Milan Fashion Week) үеэр танилцуулагдлаа.

Тансаг бөгөөд timeless орчин үеийн шинэлэг хэв загварууд нь энэхүү цуглуулгын гол концепци байсан юм.

Шоуг “Paparazzi” хэмээн нэрлэсэн байх ба улаан хивсний ёслол мэт хүрэн улаан өнгийн чамин гэмээр тайз засалт болон синематик буюу киноны зураг авалтын бүтээлч байдлыг санагдуулам өнгө аяс, гэрэл зурагчдын зураг авалт хийж буй агшинд шоу өрнөсөн нь олны анхаарлыг татсан юм.

Энэхүү загварын цуглуулга нь Daywear болон Eveningwear буюу өдөр болон оройн хоёр төрлийн хувцаслалтуудаас бүрдсэн бөгөөд эхний хэсэгт jeans, хиймэл үстэй хүрэм, барын хээтэй цув зэргийг онцолсон бол хоёр дахь хэсэгт тансаг, өргөн энгэртэй хослолийг чамин болор зүүлтийн хамтаар хослуулсан нь бидэнд эчнээ танил болсон Dolce & Gabbana брэндийн хээнцэр байдлыг дахин нотоллоо.

Мөн энэхүү загваруудаа торгон ороолт, савхин цүнх, мотоциклийн гутал зэрэг чамин гайхалтай өнгө төрхүүдээр баяжуулж өгчээ.

Үзэгчдийн тэргүүн эгнээнд Lucien Laviscount, Jung Hae-in, Hirunkit Changkham, James McAvoy, Levi Dylan, Rocco Ritchie зэрэг алдартнууд оролцсоноороо онцлог байлаа.



Энэхүү цуглуулгаар дамжуулан Dolce & Gabbana брэнд нь сонгодог тансаг байдлыг орчин үеийн чиг хандлагатай гайхалтай хослуулж болохыг харуулаад зогсохгүй Миланы загварын долоо хоногийн онцлох мөчийг бүтээж чадсан юм.
Эх сурвалж: AP News