
Үнэт эдлэл
Bovet - Цуглуулагч нарт зориулагдсан гайхамшигт дээд зэрэглэлийн бүтээлүүд
Дээд зэргийн чанартай бугуйн цагны үзэсгэлэн яармаг Watches & Wonders жил бүр Швейцарийн Женев хотод зохион байгуулагддаг билээ.

Женев нуурын эрэг дээрх асар байшингууд дотор цаг урлалын олон олон ордон өөрсдийн ер бусын бүтээлүүдийг дэлгэжээ. Жишээ нь 1822 оноос хойш цаг урлаж байгаа алдартай брэнд Bovet байна. Эднийх La Reserve таван одтой харшид байрласан юм. Урлан нь Мотьер хот дахь Bovet овогтынхны орон гэр болсон цайзын зүрхэн хэсэгт байршдаг. Энэ нь 14 дүгээр зуунд баригдаж байсан түүхэн сууц бөгөөд тэр үед бүтээсэн олон тооны халаасны цаг нь өнөө үед ч цагны загвар хэлбэрийн сэдэл санаа болдог хэвээр.

Энэ харагдаж байгаа гайхамшигт цоморлог нь цуглуулагч нарт зориулагдсан. Цаг хугацааг заагч үнэт зүйл болохын зэрэгцээ урлагийн бүтээл бас болдог гэсэн үг. Эдний үйлдвэрлэлийн гуравны нэг нь дахин давтагдашгүй захиалгын цаг бүтээхэд зориулагддаг байна. Туйлын нарийн чамин бүрээс, хаалт, бас онц сайн гүйцэтгэл. Эдэн дээр нэмээд өөрсдийн урланд бүтээсэн калибрыг ашигладаг нь Bovet-д цагийг хүссэнээрээ урлах боломжийг олгодог байна. Энэ харагдаж байгаа бүтээлийн голыг нь гараараа хуйлж ороосон, мөн спиралин тэнцвэржүүлэгчийг өөрийн урландаа өөрийн дархадаар бүтээлгэсэн байна. Түүнчлэн ганц турбийонтой бөгөөд түүнийг нь 25 минут машинаар хийж, дараа нь 2 өдөр хагасын туршид гараар гүйцэтгэж дуусдаг.

Элсэн чихэр ийм өндөр үнэд хүрнэ гэж хэн бодох билээ дээ. Miss Audrey Sweet Art бугуйн цаг чихрэн болор хэмээх энэхүү ид шиднээс бүтсэн. Ямар ч өнгөөр сонгох боломжтой. Хэмжээгээр нь харж байгаад сонгоод нууц аргаар тогтворжуулдаг. Энэ аргыг Bovet 1822 онд патентжуулж авсан түүхтэй. Тогтворжуулсныхаа дараа нэг бүрчлэн гар аргаар буддаг. Урласан дархчууд нь цагны ар хэсгийг нүүрнээс нь дутахааргүй анхаарч, нарийн нандин үзэмжийг шингээн өгчээ. Ингэснээрээ цуглуулагчийн л эд болохуйц онцгой содон болдог байна. Fleurier цуглуулгаас хөх өнгийн гиллош фонон нүүртэй Virtuoso V, 19Thirty, Monsieur Bovet болон нүд гялбуулам Orbis Mundi гэсэн загварууд таныг алмайруулах болно. Bovet бугуйн цагны ордоны 200 жилийн ойд зориулагдсан Orbis Mundi загвар нь тус ордоны үүсгэн байгуулагч Эдуард Бовегийн Лондонгоос Хятадын Гуанжоу, Египетээс Оттоманы Эзэнт Гүрэн, цаашлаад Америк тивийг туулсан их аялалд хүндэтгэл болгон бүтээсэн бүтээл юм. Нүүр нь давтагдашгүй өвөрмөц бөгөөд дэлхийн 24 цагийн бүсийн хаана хэд болж байгааг төвөггүй харж болдог.

Онц гойд загварууд дотор Automobili Pninfarina-тай хамтарч Battista GT хайпер автомашинаас санаа аван загварыг нь гаргасан цаг бий. Өндөр технологийн карказ хийцтэй. Мөн гэрэлтдэг индранилэн Recital 26 Brainstorm загварыг дурдах ёстой. Өнцөг гаргалтаасаа эхлээд л уран гарт дархчууд өөрсдийн авъяас билгийн хязгаар тэлэн байж урласан нь харагдана. Туйлын төгс төгөлдөр гэсэн тодорхойлолттой Virtuoso XI та бүхнийг хэлэх үггүй болгон алмайруулна.

Bovet урлангаас төрөн гарсан аливаа цаг нь тухайн бүтээлийг захиж захиалж авсан цуглуулагчийн хүслийн дагуу зураг, сийлбэр болон бусад өвөрмөц зүйлсээр өөрийн гэсэн өнгө төрхийг үүсгэсэн байдаг гэдгийг дахин сануулан хэлье. Техникийн үзүүлэлт болоод урлагийн детал хэсгүүдийг нь мэргэжлийн хүмүүсийн тусламжтай тодорхойлох боломжтой. Хэдэн зуун мянган еврогийн үнэд хүрэх бүтээлүүдийг та бүхэнд танилцууллаа.
