Гоёл чимэглэл

Ариана Гранде X Swarovski: “Pop Luxury”-ийн онцгой хамтрал

Ариана Гранде үргэлж өөрийн өвөрмөц хэв маягтаа тохируулж орчин үеийн гоо зүйг илэрхийлж ирсэн. Харин одоо тэрбээр Swarovski брэндтэй хамтран, гоёл чимэглэлийн ертөнцөд өөрийн нэрийг тамгалж байна.

"Pop Luxury" сурталчилгааны шинэ нүүр царай болсон тэрээр дуу хөгжим, загвар, чамин хэрэглээг шинэ түвшинд хүргэж, илүү хүртээмжтэй, загварлаг байж болохыг бидэнд харуулж байна.

Swarovski-ийн "Pop Luxury" сурталчилгаа уламжлалт хэрэглээг илүү залуу, эрч хүчтэй болгохыг зорьж байгаа ба Ариана Гранде өөрийн гэсэн сонирхол татам дэгжин хэв маягаараа энэхүү гоёл чимэглэлийг хамгийн төгс илэрхийлж чадсан алдартнуудын нэг байлаа. Энэхүү кампанит ажил нь эртний гоёмсог загвар болон орчин үеийн өнгө төрхийг хослуулсан тод гялалзсан бүтээл, загваруудыг онцлохын зэрэгцээ чамин хэрэглээг шинэлэг, залуу үеийнхэнд тохиромжтой байдлаар загварчлан харуулж байна.

Энэ хамтын ажиллагаа нь өнөө үеийн тренд болж байгаа поп одод тансаг брэндүүдийн нүүр царай болох хандлагын нэг хэсэг юм.  Tiffany & Co.-ийн нүүр царай болсон Бейонсе, Versace брэндтэй хамтарсан Дуа Липа болон өөрийн Fenty брэндийг үүсгэн байгуулсан Рианна зэрэг загварын нөлөө бүхий алдартнуудын эгнээнд Ариана Гранде энэ хамтралыг хийснээр зүй ёсоор нэгдэж байна. Эдгээрээс үзэхэд өнөөдрийн алдартнууд зүгээр ч нэг уран бүтээл туурвихаас гадна дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчид болж байгааг харж болох юм.

Swarovski-ийн шинэ нүүр царай болсон Ариана Гранде "жаргалтай тансаг хэрэглээ буюу joyful extravagance" чиг хандлагын төгс төлөөлөл болохыг харуулж, хээнцэр хэрэглээ гэдэгт зөвхөн ховор, өндөр үнэтэй зүйлс багтах гэж ойлгохоос илүүтэйгээр хувь хүн өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй байх, мөн цаг хугацааны шалгуурыг даван туулах чанарын тухай гэдгийг олон нийтэд таниулсан юм. Энэхүү хамтралаар тэрээр зөвхөн хөгжмийн ертөнцөд төдийгүй дэлхийн загварын салбарт өөрийн байр суурийг бататгаж байгаа ажээ.