
Улаан хивсний ёслол
Грэммигийн шагнал гардуулах улаан хивсний ёслол дахь загварлаг ялалтууд
67 дахь удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслол зөвхөн хөгжмийн салбарынхны ялалт амжилтуудаас гадна алдартнууд өөрсдийн дүр төрхөөр дамжуулан хүч чадал, тансаг байдал болон хувийн илэрхийлэмжээ харуулсан үдэш байлаа.

Реппер Кендрик Ламар өөрийн 2024 оны 5 сард гаргасан синглэ болох “Not like us” (diss track to Drake) дуугаараа Record of the Year, Жилийн шилдэг дуу зэрэг олон төрөлд ялалт байгуулсан бол дуучин Билли Айлишын хувьд энэ жил маш амжилттай байсан хэдий ч гар хоосон буцсан нь олныг ихэд гайхшируулаад байна. Гэхдээ энэ үдэш ирсэн зочдын загварлаг байдал Грэммигийн шагналтай дүйцэхүйц нөлөөтэй байсныг дурдах нь зүйтэй юм.

Кендрик Ламар зөвхөн олон ялалтууд аваад зогсохгүй даруухан боловч зоримог, тансаг дүр төрх бүрдүүлэн ирсэн нь шуугиан тариад байгаа юм. Канадын Maison Margiela-ийн бүхэлдээ denim буюу жеансэн хослолоор гоёсон бөгөөд Dodgers-ийн малгай болон том хэмжээтэй алмаазан гинжийг хослуулан дүр төрхөө бүрдүүлсэн нь хэдийгээр тийм ч содон биш боловч манлайлагч, хүчирхэг дүр төрхийг улаан хивсэн дээр харуулж чадсан юм. Жийнс хослуулсан дүр төрх ихэвчлэн Канадаас гаралтай байдаг ба энэ нь зөвхөн загварлаг байдлыг харуулаад зогсохгүй реппер Дрейктэй бий болсон урт хугацааны таагүй харилцааг ч мөн иш татсан байх боломжтой гэж олон нийт үзэж байгаа юм. Ламарын тансаг хэрэглээг соёлын түүхтэй хослуулах чадвар нь түүнийг энэ үдшийн хамгийн нөлөө бүхий дүрүүдийн нэг байсныг батлан харуулж байв.

Харин энэ үдшийг Билли Айлиш нэг ч шагналгүйгээр өндөрлүүлсэн хэдий ч high-fashion дүр төрхөөрөө ялалт авсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр толгойноос хөл хүртэл Prada брэндээр хувцасласан ба хэт хүчлээгүй тансаг дүр төрхийг том хэмжээтэй V захтай хүрэм, сул хар өмд болон Chrome Hearts нарны шилний хамтаар бүрдүүлж чаджээ. Тэрээр тайзан дээр гараагүй хэдий ч түүний минималист-авангард дүр төрх нь түүний нөлөө шагналаас илүүтэй гэдгийг тодорхойлж байлаа.

Бусад алдартнууд ч мөн өөрсдийн тансаг хэв маягийг бүрдүүлсэн ба жишээ татвал Тэйлор Свифт Schiaparelli-ийн ховор кутюр даашинзыг Lorraine Schwartz-ийн 60 каратын бадмаараг хөлний гинжтэй хослуулсан ба тус гинж нь тусгай захиалгаар хийгдсэн бөгөөд олон нийт түүний Трэвис Келситэй хувийн харилцааг илтгэсэн байж болзошгүй тухай шуугиад амжсан юм.

Загварын содон шийдлүүдээрээ хэдийн алдартай болсон дуучин Леди Гага 1930-аад оны үеийн Tiffany & Co.-ийн ховор хамелеон эрдэнийн чулуу болон оникс, сувд зэргийг хослуулсан чамин хүзүүний зүүлтээр гоёж ирсэн нь үдшийн онцлох мөчүүдийн нэг байлаа.

Зарим уран бүтээлчид шилдгүүдээр шалгарч, зарим нь хэдийгээр хоосон буцсан хэдий ч 2025 оны Грэммигийн шагнал гардуулах ёслол зөвхөн шагнал болон тайзан дээр гарч үг хэлэх бус алдартнуудын тансаг хувцаслалт, соёлын нөлөөлөл, хүндтэй оролцогчдын оролцоо зэрэг нь нэр хүндтэй чухал наадам болохыг харуулж чадсан юм. Ламарын сонирхолтой хослол, Айлишийн дэгжин Prada-ийн сонголт эсвэл Свифтийн хараа булаам үнэт эдлэл зэргээс харахад энэ оны Грэммигийн үдэш загварын ертөнц бол хөгжмийн салбарын адил хүчирхэг байж болохыг баталсан юм.