Чиг хандлага
Montblanc: Винсент ван Гогийн хүндэтгэлд зориулагдсан “Masters of Art” коллекц
Агуу уран бүтээлчдийн дурсгалд зориулагддаг Montblanc-ы шинэ коллекцын хамгийн эхний энэхүү бүтээлийг Ван Гогийн музейтэй хамтран гаргаж, зураачийн хосгүй авьяас чадварыг дахин мөнхөллөө.
“Montblanc Masters of Art” шинэ коллекц нь урлаг дахь төгс төгөлдрийн эрэл хайгуулч, гайхалтай уран бүтээлчдийн хэзээ ч үл мартагдах байр сууринд хүндэтгэл үзүүлдэг. Энэ бол соёл, бүтээлч байдал, илэрхийлэлд үндэслэсэн брэндийн хувиар хувь нэмрээ оруулдаг Montblanc-ы зүрхэн дэх эрэл хайгуул юм!
“Montblanc Masters of Art” коллекцын анхны бүтээл нь 19-р зууны сүүл үеийн алдарт уран бүтээлчдийн нэг, Голландын зураач Винсент ван Гогийн гэгээн дурсгалд зориулагджээ.
Түүний амьдралын он жилүүд болоод хувь хүний онцлогийг тусгасан таван үзгийг Montblanc-аас гаргасан бөгөөд ингэхдээ хамгийн алдартай бүтээлүүд болон дахин давтагдашгүй зургийн хэв маягаас нь санаа авсан байна. Montblanc нь коллекцоо түүний зургуудтай аль болох ижилхэн байлгах үүднээс Ван Гог музейгээс мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа авч ажиллажээ.
Винсент ван Гогийн дурсгалд зориулсан “4810” хувилбар нь гуурсан болон бөмбөлгөн хошуутай, хязгаарлагдмал тоогоор гарсан үзэг юм. Энэхүү үзгийг Ван Гогийн Арль хотод байхдаа зурсан, түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох, Провансын буудайн талбайг санагдуулам, шар болон улбар шар өнгөний хослол бүхий "Les Tournesols" буюу “Наранцэцэг” хэмээх зургаас санаа авч бүтээжээ.
Харин "Винсент ван Гог 888" хувилбар нь зураачийн Сен-Реми-де-Прованс болон Овер-сюр-Уаз коммунд амьдарч байсан үеийг илэрхийлэх бөгөөд энэхүү үзэг дээр Провансын тэнгэр болон "The Wheat Field with Crows" хэмээх зургийг нь нарийн дүрсэлсэн байна.
“Винсент ван Гог 161” хувилбараас 161 ширхгийг гаргасан ба зураачийн Сен-Реми-де-Прованс, Овер-сюр-Уазд өнгөрүүлсэн сүүлийн жилүүдэд зориулан, түүний хамгийн сүүлийн уран бүтээл болох "Tree Roots"-г үзгэн дээр буулгажээ.
Зөвхөн 90 ширхгийг худалдаанд гаргасан "Винсент ван Гог 90" хувилбар нь Арль хотод амьдарч байсан үеийг нь илэрхийлнэ. "The Harvest" бүтээлд нь дүрслэгдсан Провансын газрын зургийг энэхүү үзгэн дээр буулгасан төдийгүй түүний импасто арга техникийг эндээс тодорхой харж болно.
Хамгийн сүүлд “Винсент ван Гог 8” хувилбараас зөвхөн 8 ширхгийг гаргасан бөгөөд энэ нь түүний "Wheat Field with Crows"-г жинхэнэ гайхамшигт бүтээл болгодог, нүд алдам цэнхэр тэнгэр болон зурах арга барилд зориулагджээ.