Архитектур, дизайн
Олафур Элиассоны ер бусын бүтээл "Fjordenhus"
Уснаас ургасан мэт харагдах Fjordenhus!
Энэхүү ер бусын барилга нь Дани-Исланд гаралтай алдарт уран бүтээлч Олафур Элиассоны бүтээл юм. Студийнхээ архитекторын багтай хамтран зураг төслөөс нь авхуулаад интерьер засал хүртэл бүгдийг нь гардан хариуцсан түүний анхны барилга бол энэ юм.
Данийн Vejle боомтод баригдсан Fjordenhus буюу "Fjord-ын сууц" хэмээх энэхүү барилга нь тулгуур багануудад хуваагдсан цилиндр хэлбэртэй дөрвөн хэсгээс бүрдэнэ. Бүс нутгийн цаг уурын онцлог болох салхины урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх боломж, байгалийн гэрлийг аль болох сайн тусгахыг тооцоолж бүтээсэн учир энэ газарт тун тохирсон барилга гэж болно.
28 метрийн өндөртэй, цайз мэт дахин давтагдашгүй энэ барилга нь тэнгисийн булан болон хотын төвийг холбон байрлана. Гадна хэсгийг хэд хэдэн янзаар хуваасан зууван хэлбэрийн нээлхийн ачаар байгаль болон үйлдвэрийн үзэмж төрхийн аль алинийг санагдуулах орон зайг бүрдүүлжээ. Барилгад нийтдээ 970,000 орчим тоосго ашигласан байна. Элиассон дотор болон гадна хэсэгт өнгөний хувилбарыг маш болгоомжтой сонгосон бөгөөд нийтдээ арван таван өнгөөр нарийн ялгарлыг бий болгожээ.
Дээд давхруудад хөрөнгө оруулалтын Кирк Капитал компанийн оффисууд байдаг бол доод давхар нь олон нийтэд нээлттэй бөгөөд гүүрээр дамжин хүрнэ. Мөн Олафур Элиассон тэнгисийн булан болон боомтын харилцан нөлөөллийг тусгасан зарим өвөрмөц бүтээлүүдээ энд байрлуулжээ. Мушгирсан хэлбэртэй минималист хэв маяг бүхий "Fjordhvrivel" болон "Fjordenhus Meridian" хэмээх түүний хоёр уран бүтээл энд бий.
Ер бусын эрчмийг мэдрүүлэх энэ бүтээлээс илүү олон нарийн хэсгийг олж харах боломжтой...