Архитектур, дизайн

Байгальтай төгс зохицсон "Greenary" сууц

Модыг тойруулан барьсан ер бусын байшин Greenary!

Олон улсад алдартай дизайн, инновацийн байгууллага Carlo Ratti Associati нь архитектор Итало Ротатай хамтран энэхүү ер бусын хувийн орон сууцыг бүтээжээ. "Greenary" гэж нэрлэгддэг энэхүү байшинг амралтын хэсгийн төвд байрлах арван метр өндөр фикус модыг тойруулан барьсан байна.

 

Парма хотын гадна байрлах Италийн уламжлалт фермийн барилга байсан Greenary сууц нь нэрт биологич, Харвардын профессор Э.О.Вилсоны дэвшүүлсэн шинжлэх ухааны таамаглал болох биофилийн ухагдахуунд хариулт болжээ. Тодруулбал энэ нь хүн төрөлхтөн байгальтай ойр амьдрах төрөлхийн хүсэл эрмэлзэлтэй байдаг гэсэн үзэл юм. Энэ баримтлалыг юуны түрүүнд байшингийн дунд байрлах 60 настай Алма хэмээх фикус модоор илэрхийлжээ. Энэ нь жилийн турш нэг хэмд байдаг "ficus australis" гэх төрөл зүйлийн мод тул дотор орчинд ургуулахад нэн тохиромжтой аж.

 

Модыг тойрон хэд хэдэн амралтын өрөө байрлана. Энэхүү байшинг улаан лоолийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Европт тэргүүлэгч Mutti компанийн гүйцэтгэх захирал Франческо Мюттигийн захиалгаар барьжээ. Тиймээс Италийн уламжлалт энэхүү фермийн байшинг архитектур, байгалийн элементүүд, дэвшилтэт технологийн шийдлийг нэгтгэх шинэ аргуудыг хэрэглэж, байгаль болон хиймэл байдал хоёрын заагийг арилгахад чиглэсэн шинэ хандлагуудыг харуулахын тулд дахин загварчилсан байна.

 

Тохиромжтой орчинг бүрдүүлж, модыг цэцэглүүлэхийн тулд Carlo Ratti Associati  байгалийн гэрлийг нэмэгдүүлж, хуучин фермийн энэ байшинг бүхэлд нь шинэчлэн, урд зүгт харсан арван метр өндөр шилэн хана суурилуулжээ. Уг дизайн нь температур, чийгшлийг хянахын тулд орчны нөхцөлийг хэмждэг технологийг ашигласан байна. Ингэснээр оршин суугчид болон модонд ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлжээ. Байшингийн цонх болон дээвэр нь автоматаар нээгдэж, хаагдан нарны гэрэл, агаарын урсгалыг зохицуулдаг.

 

Байшин нь хоорондоо холбогдсон нийт долоон террастай. Үүдний дээд хэсэгт гурав, доод хэсэгт мөн гурав байрлах ба бүгдийг нь байгалиас сэдэвлэн хэлбэржүүлсэн төдийгүй Алма мод нь энд тулгуур багана мэт харагддаг. Байгаль нь интерьер засалд мөн олон хэлбэрээр нэгддэг. Тухайлбал шалыг урлахдаа шавар болон жүржийн хальсны холимгийг ашиглажээ. 

 

Carlo Ratti Associati нь байшингийн үндсэн хэсгээс гадна дээврийг мөн ажлын өрөө болгон хувиргасан байна. Хоёр барилгын эргэн тойронд алдартай ландшафтын дизайнер Паоло Пейронегийн бий болгосон цэцэрлэг байрлах бөгөөд энэ нь бүс нутгийн биологийн олон янз байдлыг илтгэн харуулдаг.

 

Байгальтай төгс зохицсон байшин…

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

The Luxe Canvas

Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл