Автомашин

"Polestar O2" цахилгаан машины шинэ эрин

“Polestar O2” концепт нь цахилгаан машиныг шинэ эрин рүү хөтөлж байна.

Өндөр хүчин чадалтай цахилгаан автомашины брэнд болох Polestar спорт машиныг шинээр тодорхойлсон шинэ концепт машинаа танилцууллаа. Хүчилтөрөгчийн тэмдэгтэй адил “Polestar O2” гэж нэрлэсэн, хураагддаг хатуу дээвэртэй энэхүү загвар нь “Polestar”-ын төсөөллөөр гүйцэтгэлийн хувьд цахилгаан хөдөлгүүрт байвал зохих бүх давуу талыг багтаасан машин юм.

 

“Polestar” нь Хятадын “Geely” группийн автомашин үйлдвэрлэгч бөгөөд Шведийн Гётеборг дахь “Volvo Cars” корпорацийн гүйцэтгэлийн хэлтэст хамаарагддаг. Мерседесийн гүйцэтгэлийн тусгай тохируулга хийдэг нэгж нь “Mercedes-AMG” компани байдагтай адил “Polestar” нь “Volvo” брэндэд харьяалагдаж, “Volvo” брэндийн хөдөлгүүрийн гүйцэтгэлийн тусгай тохируулгыг гүйцэтгэдэг компани юм. 

 

 

“Polestar” Хятадын Луцяогийн үйлдвэрээс олон улсад нийлүүлдэг өөрийн загваруудтай. Гэвч “Polestar”-ын тэмдэг “Citroën” болон “DS”-гийн тэмдэгтэй адилхан харагддаг тул “Polestar”-ыг одоогоор Франц улсад худалдахыг хориглосон аж. 

“Polestar O2” загвараар спорт загварын машины бяцхан хувьсгал эхэлсэн гэж болно. Тус хүлэг нь жолоодоход сэтгэл хөдөлгөм, зугаатай, цоглог, эрч хүчтэй, хөнгөн байлгах зорилготой.

 

 

Их Британи дахь “Polestar”-ын судалгаа, хөгжлийн багийн боловсруулсан “Polestar 5” загвараас хуулбарлан бүтээсэн, цутгамал хөнгөн цагаан тавцангийн тусламжтайгаар хөдөлгөөнийг нарийвчлалтайгаар хянах, бат бөх чанарыг нэмэгдүүлэх, динамик хөдөлгөөнийг мэдрэх боломжтой болжээ. 

Энэхүү концептийн зорилго нь ирээдүйн “Polestar 5” загварт зориулан бүтээсэн, цутгамал хөнгөн цагаан тавцанг амралт чөлөөт цагт зориулсан автомашин зэрэг бусад загварын автомашинд ашиглах боломжтойг харуулахад оршино.

 

Намхан, өргөн их бие, авсаархан 2+2 бүхээгийн загвар, тэнхлэг хоорондын урт зай нь орчин үеийн цахилгаан машины шинж чанар бүхий сонгодог спорт загварын машины хэмжээг илтгэдэг. 

Энэ бол илүү аэродинамик шинж чанартай, технологи ба урлаг, нарийвчлал ба уран төрхийг уялдуулсан түрэмгий биш ч хүчирхэг хэв загвар. 

 

 

“Polestar O2” бат бөх чанар, технологийн дэвшлийг шингээсэн загвар бөгөөд бүхээгийг шинэ термопластик моно материалаар хийжээ. Бүхээг доторх бүх зөөлөн эд ангийг дахин боловсруулсан полиэфир материалаар урласан байна. Ингэснээр дахин боловсруулалтын ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ жин, хог хаягдлыг бууруулах зорилготой.

 

Олон нийтийн сүлжээний хэрэглээ давамгайлж байгаа өнөө үед “Polestar O2” нь арын суудалтай холбогдсон автомат ажиллагаат дронтой. “Aerofugia”-гийн өргөн хэрэглээний цахилгаан барааны “Hoco Flow” брэндтэй хамтран бүтээсэн дроныг машин хөдөлгөөнд оролцох үед хөөргөж, жолоодлогыг бичих боломжтой.

 

“Polestar”-ын инженерүүд машин хөдөлж байх үед дроныг саадгүй хөөргөх орон зайг бий болгохын тулд арын суудлын ард өргөгдөж, эвхэгддэг тавцанг зохион бүтээжээ.

Дрон нь автомат ажиллагаатай бөгөөд машиныг 90 км/цаг хүртэлх хурдтайгаар дагана. Жолооч нь далайн эрэг дагуу жолоодох үед хийхэд тохиромжтой агаарын зураг авалт эсвэл илүү спортлог, адал явдалт зураг авалт зэргээс сонгох боломжтой.

 

Зураг авалтын дараа дрон автоматаар машин дээр газардана. Машиныг зогсоолд байрлуулсан байх үед видео бичлэгийг гол хэсэгт байрлах 15 инчийн төв дэлгэц дээр засварлаж, хуваалцах боломжтой.

 

“Polestar” ойрын гурван жилийн хугацаанд гурван шинэ машин гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд машин тус бүрд эдгээр концепт машинаар харуулсан зарим санааг аажмаар хэрэгжүүлэх боломжтой юм.