Архитектур, дизайн
Bill Amberg студийн хосгүй бүтээлүүд
Bill Amberg студи дижитал хэвлэлтэй арьсан эдлэлүүдээ танилцууллаа!
Британийн Bill Amberg студи нь 30 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд арьсан эдлэл, захиалгат тавилгын салбар дахь тэргүүлэгчдийн нэгд тооцогддог. Эмээл, савхин эдлэл, хавтас болон бусад төрлийн арьс ширэн эдлэлийг санал болгодог Bill Amberg нь арьс ширэн чимэглэлийн орчин үеийн, бараг хувьсгал гэмээр бүтээлүүдээ танилцуулахыг зорьжээ. Ингэхдээ энэхүү материалын байгалийн шинж чанар болон хамгийн чухал өнгөн хэсгийг хамгаалах, гурван жилийн судалгаа, боловсруулалт шаардагдсан тусгай ажиллагаа бүхий дижитал хэвлэлийн нарийн технологийг ашигласан байна.
Bill Amberg студи анхны цувралдаа олон улсын таван дизайнерыг урьж оролцуулжээ. Нью-Йоркт амьдардаг Александра Шампалимо бол хамгийн алдартай интерьер дизайнеруудын нэг юм. Тэрээр Португали хэлээр “сар” гэсэн утгатай Lua-г урлан бүтээсэн нь өргөн талбай дээр хөшилдөн нүүх мананцарын бөөгнөрөл мэт харагдана. Alexandra хамгийн эхний хээгээ усан будгаар зуржээ. Тус бүтээлийн өнгөний хослол нь гүн гүнзгий, нарийн мэдрэмжийг төрүүлдэг.
Алистер МкОли, Пол Симмонс нарын үүсгэн байгуулсан "Timorous Beasties" студи нь "Omni Drips" хэвлэлийн эх үүсвэр болдог. Тэд дамаск хээнээс сэдэвлэн, толботож, цалгисан, гантигийн мэт эффектүүдийн гайхалтай хослолыг хурц тод өнгөөр бүтээжээ. Энэ бол эмх цэгц, замбараагүй байдлын гайхалтай парадокс юм.
Америкийн загвар зохион бүтээгч Наташа Бардаран 70-аад оны итали тавилга, Калифорнийн гоо зүйн үзэмжийг "Elle" хэвлэлтэйгээ хослуулан хоёр өнгийн бүтээл гаргажээ. Ингэхдээ загасны хайрс, яс зэрэг нарийн дүрсүүдийг зэрэгцүүлэн хэвлэсэн байна. Олон дахин давтсан нь энэхүү арьсан материалыг яг л нарийн нэхмэл эдлэл мэт харагдуулна.
Их Британийн алдарт загвар зохион бүтээгч Том Диксон дижитал эрин үеийн материаллаг байдлын тухай ойлголтыг илэрхийлэх дөрвөн хэвлэл гаргажээ. Энэ бол санаанд багтамгүй хээгээр гайхшруулах зорилготой бодит үр дүн юм. Тэрээр хад чулуу, тунгалаг хуванцар, хүний үс, үрчийлгэсэн тугалган цаас мэт харагдах бүтээлүүдийг урласан байна.
Хамгийн сүүлд Их Британийн загвар зохион бүтээгч Фэй Тугудын "Sketchpad" хэмээх онцгой бүтээлийг танилцуулъя. Гоо зүйн өвөрмөц мэдрэмжтэй Фэй нь Bill Amberg-т зориулж хүүхдийн зурсан зураг мэт абстракт, өнгөлөг хэвлэлийг бүтээжээ. Хувийн тэмдэглэлийнхээ ноорог зургуудаас санаа авч, усан будгаар арын дэвсгэрийг будсан нь бүтээлийг илүү энгийн болгосон байна. Тэрээр мөн "Lascaux" болон "Altamira"-ийн хадны сүг зургуудад хүндэтгэл үзүүлж, амьтны арьс болон хүн төрөлхтний хамгийн эртний урлагийн хоорондох холбоог зурж илэрхийлжээ.
Bill Amberg студи нь өөр өөр дизайнеруудтай хамтран жил бүр хоёр коллекц танилцуулахаар төлөвлөөд буй аж.