Хоолны соёл

Мишелиний хоёр одот Le Clarence ресторан

Гахайн тагалцаг болон малтуу мөөг; норвеги хавчтай темпура, загасны түрс; хурганы нойр булчирхай, малтуу мөөг зэрэг тансаг зоогуудаар үйлчилдэг Le Clarence ресторан нь нээлтээ хийснээс хойш ганцхан жилийн дараа Мишелиний хоёр одоор шагнагдан олны анхаарлын төвд орсон билээ. 

Энэ бол алдарт Мишелиний гарын авлагад багтсан гайхалтай адал явдал, санаанд багтамгүй сонголт юм. Елисейн өргөн чөлөөнөөс холгүй орших, 19-р зуунд баригдсан харшийг Люксембургийн хунтайж Роберт ойролцоогоор таван жилийн өмнө эзэмшилдээ авснаар рестораны үйл ажиллагаа эхэлжээ. 

Château Haut Brion, Chateau La Mission Haut Brion, Chateau Quintus-аас бүрдэх Domaine Clarence Dillon гэр бүлийн компанийн ерөнхийлөгч Роберт эхэндээ Парис дахь төв байраа энд байгуулах хүсэлтэй байж. Шилдэг гар урчуудын тусламжтайгаар бүрэн шинэчлэгдэн засварлагдсан энэ газарт Бордогийн гайхамшигт гүн ухааныг шингээсэн ресторан байгуулах мэргэн санаа хунтайжид төрсөн байна. Францын хамгийн шилдэг усан үзмийн талбай, онцгой ховор бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчид болон дурдахгүй өнгөрч үл болом гайхалтай дарснууд нь энэ рестораны илэрхийлэл болдог. 

 

Тийм ч учраас тухайн үед ахлах тогооч Christophe Pelé-тэй хийсэн хунтайжийн уулзалт шийдвэрлэх ач холбогдолтой байжээ. Тансаг хоолны жинхэнэ мэргэжилтэн хунтайж Роберт болон Парисын гайхамшигт брэндүүдээрээ нэрд гарсан авьяаслаг тогооч хоёр ойлголцолд хүрэхэд урт хугацаа шаардсангүй. Ахлах тогооч, үйл ажиллагааны дэд захирал Christophe Pelé-ийн La Bigarrade гэх парис ресторан нь 2010 онд хэдийн хоёр одоор шагнагдсан байсан бөгөөд тэрээр франц хоолны сонгодог байдлыг дээд зэрэглэлийн ресторануудын жишгээр сэргээж чадсан юм. 

 

Түүний хичээл зүтгэлийн үр дүнд Clarence ресторан мөн Мишелиний хоёр одоор шагнагджээ. Christophe-ийн багийн гишүүд болох тогооч Giuliano Sperandio, үйлчилгээний ажилчдыг зохион байгуулдаг үйл ажиллагааны захирал, дарсны ахлах мэргэжилтэн Antoine Pétrus нарын оролцоогүйгээр тэд энэ амжилтад хүрэхгүй байсан төдийгүй Clarence Dillon-ы дээд зэрэглэлийн онцгой дарснуудыг мартаж үл болно. 1000 гаруй төрлийн дарс рестораны зооринд хадгалагддаг байна. Мөн Christophe Pelé хамтран ажилладаг жижиг үйлдвэрлэгчдэдээ ч ялгаагүй хүндэтгэл үзүүлдэг төдийгүй өдөр тутмын хоолны цэсээ тэднээс санаа аван баяжуулдаг тухайгаа хэлсэн байдаг. Тансаг зоог, чанартай дарсанд дурлагсад энэхүү гайхалтай газраас аз жаргалаа олох нь гарцаагүй.