Зочид буудал

Дубай дахь “Sweden Beach Palace”

“The World Islands” нь дэлхийн газрын зургийн хэлбэртэй 300 хиймэл арлаас бүрддэг. Тус арлуудыг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан байгуулаад эхэлжээ. 

Энэ дундаас Европ тивийг төлөөлсөн хэсэг арлуудын нэг дээр байрлах тансаг зэрэглэлийн “Sweden Beach Palace”-г танилцуулж байна.

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагаас ердөө 4 км зайд орших "The Heart of Europe" хэсэгт Шведийн арал багтдаг. Тус арал дээр викингчүүдийн завийг дүрсэлсэн арван үзэсгэлэнт вилла бий. "Sweden Beach Palace" гэх энэ сууцыг эзэмшигч цагаан элстэй далайн эрэг дээр тухлан амрах боломжтой болно гэсэн үг юм. 

 

Мөн виллаг бүхэлд нь тойруулан, 1500 жилийн настай тропикийн ургамал моддоор хүрээлүүлжээ. Ингэснээр Арабын аагим халуун зуны улиралд ч сэрүү татуулан сэвэлзэнэ.

Вилла зургаан давхар бөгөөд долоон мастер унтлагын өрөөтэй. Түүнчлэн саун болон цасны өрөө ч бий. 

 

Тавдугаар давхартаа хүссэн бүх мөрөөдлийн арга хэмжээгээ зохион байгуулж болох саруулхан танхимтай. 

 

Харин түүний дээр яг л викингчүүдийн модон завин дээр гарсан мэт сэтгэгдэл төрүүлэхүйц террас таныг угтана. Эндээс Дубай хотын цэнхэр тэнгэр, зах нь үл харагдах далай тэнгисийн мандлыг 360 хэмээр тольдох боломжтой. Викинг хөлөг онгоцнуудын гоёмсог хийц, уран нарийн байдал, гар урлалын модон тавилга, орчин үеийн дизайн, тансаг тухтай орчин гээд бүгдийг эндээс мэдэрч болно.

 

Харин виллагийн доод давхарт инфинити усан сан, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг бүтээжээ. Шведийн архитектур, амьдралын хэв маягийг шингээсэн энэ байшинд амьдрах гишүүн бүр өөрийн гэсэн мастер унтлагын өрөөтэй байх бөгөөд Bentley Home брэндийн чамин, тухлаг тавилгуудаар тохижуулсан байна.

 

"Sweden Beach Palace"-ийн интерьерийн бүх хэсгийг байгалийн материал ашиглан, гар аргаар нарийн тансаг урласныг барилгын аль ч хэсгээс тод харах боломжтой. 

Домогт хөлгүүдэд хүндэтгэл үзүүлэн бүтээсэн Персийн булан дахь диваажин...