Гоёл чимэглэл
Balenciaga болон Jacob&Co нарын хамтын бүтээл
Jacob & Co-той хамтарсан үнэт эдлэлийн цуглуулгаа Balenciaga Лос Анжелест танилцууллаа.
Тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн урлалд бага зэрэг рок өнгө аяс нэмсэн, орчин үеэ мэдэрсэн энэ ажлаараа Balenciaga үнэт эдлэл үйлдвэрлэгч Jacob&Co-той хамтрахаар болсноо мэдэгдэж байна. Balenciaga-ийн Лос Анжелест болсон шоунд Карди Б хүрэлцэн ирэхдээ шинээр гаргасан очир эрдэнийн коллекцоос зүүж олонд анх толилуулсан юм. Хоёр брэндийн хамтран гаргасан тусгай коллекцын нэр нь “Diamant” бөгөөд тэдний хоорондын итгэлцэл, түншлэлийг илтгэж буй аж.
Энэ цуглуулгыг бүтээхдээ бүрэлдэхүүн хэсэгт нарийн нягт хандсан бөгөөд хоёр зүүлт, нэг бөгж, нэг бугуйвчнаас бүрдэнэ. Эдгээрийг 18 каратын цагаан алтаар цутгаж, цагаан очир эрдэнэс шигтгэн гараар урлажээ. “Typo” нэртэй хүзүүний зүүлт болон бөгж нь Balenciaga гэдэг үгийн гараар бичсэн мэт дүрслэлийг 18 каратын цагаан алтаар цутган, цагаан очир эрдэнэ шигтгэж гаргасан хувилбар юм. Хоёр хурууны урт бөгжин дээр уртааш нь, харин хүзүүний зүүлтний унжлага хэсэгт бичгийг суурьлуулжээ.
Jacob & Co нь Риана, Фаррель Уильямс гэсэн алтдартнуудын ялгаралыг илтгэж чадахуйц онцгой содон үнэт эдлэл үйлдвэрлэдгээрээ нэгэнт танигдсан.
Хип хоп дуучдын дунд хэдэн арван жилийн турш алдартай хэвээр байсан ийм гинжийг Jacob & Co маш олон хувилбараар бүтээсэн бөгөөд тэдний ихэнх нь тодорхой нэг эзэнд тусгайлан зориулсан цор ганц хувь аж. Энэ туршлага дээрээ тулгуурлаад "BB" зүүлт болон бугуйвчийг урласан байна. 18 каратын цагаан алтаар өргөн гинж хийн, цагаан очир эрдэнээр чимэглэж Balenciaga-ийн эхний B үсгийг өөд өөдөөс нь харуулж товчин түгжээ болгожээ.
Энэхүү хамтын ажлын үр дүнд хоёр брэндийн аль аль нь инновацыг эрэлхийлэгч, шинэ содон зүйлрүү тэмүүлэгч чанараа ахиулж чаджээ.