Үнэт эдлэл
6000 гаруй каратын маргад эрдэнэ Chopard Insofu
Энэ бол 6000 гаруй каратын ер бусын маргад юм! Бага зэрэг төсөөлөл ашиглан харвал уг маргад нь зааны толгой мэт хэлбэртэй бөгөөд яг 6225 карат хүрдэг.
Уг эрдэнийг Vendôme палас дахь Chopard брэндийн дэлгүүрт "Exceptional Stones" гэх үзэсгэлэнгийн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан онцгой чулуунуудтай хамт олон нийтэд дэлгэн танилцуулжээ.
Энэхүү онцгой, ховор чулууг Замби улсын Kagem уурхайгаас олборложээ. “Insofu маргад” нь жин төдийгүй чанарын хувьд одоогоор хамгийн томд тооцогдож байна. Тус маргадын шинж чанар хосгүй өвөрмөц бөгөөд уг чулуунаас гайхамшигтай үнэт гоёлууд гарган авна гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Chopard Insofu маргад бол жинхэнэ эрдэнэ юм
Замби улсын геологийн давхаргын баялаг байдал тун гайхалтай: 500 сая жилийн өмнө энэхүү үнэт чулуу хэдийн бүрэлдэж эхлээд байжээ. 2010 онд энэ маргад эрдэнийг Кагемын ил ордоос буюу энэхүү баялаг биотопын гол хэсгээс олжээ. Маргад эрдэнийн чулууны олборлолтоор тэргүүлэгч Кагемын уурхайг Gemfields компани удирддаг. Gemfields нь Замби улсад хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааны үндэс суурийг тавьжээ.
Харин Chopard-ын хувьд энэ нь компанийн биелүүлэх ёстой үүрэг байлаа. Чулууг нарийн тодорхойлох шинжилгээний тухайд, алмазаас ялгаатай нь маргад эрдэнэ нь бараан өнгөтэй. Тиймээс зөвхөн зүссэний дараагаар л маргадын бүрэн шинж чанарыг олж мэдэх боломжтой юм. Гэвч маргад нь хамгийн эмзэг чулуунд тооцогддог. Буруу талыг нь зүсвэл засаж болшгүй хэдэн хэсэгт хуваагдан бутарна.
“Insofu маргад” хэмээн нэрийдсэн нь уг чулууг олборлосон газар болох Bemba нутгийн хэлээр заан гэсэн утгатай.
Insofu маргад нь Caroline Scheufele-д жинхэнэ сорилт болжээ. Chopard-ын хамтран эзэмшигч, уран бүтээлийн удирдагч тэрээр энэхүү үнэт чулууг зүсэх явцаас эхлээд гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүхий л үе шатанд анхаарч ажиллах бөгөөд энэ нь түүнд Haute Joaillerie коллекцийнхоо санааг гаргахад түлхэц болох аж.
Энэхүү Колумбын маргад эрдэнийн тансаг зүүлт нь тойрсон 170 алмаз, нийт 122 караттай долоон ширхэг маргад чулуунаас бүрдэнэ. Мөн Шри Ланкаас гаралтай гүн хөх өнгийн зүрхэн хэлбэртэй индранил чулуун зүүлт нь 60 карат бөгөөд 74 алмазаар чимэглэжээ. Чамин тансаг эдгээр гоёлууд том хэмжээтэй боловч чулууны хэмжээ үнэ цэнийг тодорхойлохгүй.
Үзүүлэн дээр хамт толилуулсан эдгээр чулуунууд ч мөн ер бусын шинж чанартай. Тухайлбал энэхүү 21.04 каратын, дөрвөлжин хэлбэртэй Ceylon индранил сүр жавхлантай харагдана. Халаах үе шатаар дамжаагүй энэхүү чулуу нь цаглашгүй, энгийн алмазан суурь бүхий сахиус мэт увдис цацруулах аж.
Коллекцын өөр нэг гайхалтай хэсэг бол 10.88 каратын ягаан алмаз юм. 70 орчим буюу энгийнээс илүү олон талст бүхий тэгш өнцөгт хэлбэрийн зүсэлттэй "Carolina Rose" нь Америкийн Геммологийн Хүрээлэнгийн хэмжүүрээр VVS1 ангилалд багтдаг бөгөөд энэ нь уг чулууны хурц өнгө, тунгалаг байдлыг батлан харуулдаг. Chopard-ын үнэт эдлэлүүдийг бүтээсэн эмэгтэй болон түүний хамгийн дуртай бэлгэ тэмдэг болох сарнайд хүндэтгэл үзүүлэн тус бүтээлийг “Caroline Rose” хэмээн нэрлэсэн ба энэ бол “Fairmined” гэрчилгээтэй алтан бөгжний голд байрлах жинхэнэ гоо үзэсгэлэн юм.
Мөн энэхүү 3.01 каратын лийр хэлбэртэй D-Internally Flawless Type IIA төрлийн алмаз болон маш ховор 4.22 каратын мөн л лийр хэлбэртэй цэнхэр алмазыг “You and me” гэх чамин тансаг бөгж дээр суурилуулжээ.
Гэрэл болон дулааны нөлөөгөөр өнгө нь өөрчлөгддөг тул "хамелеон" гэж нэрлэдэг, хар саарлаас ногоовтор шар болж хувирдаг гайхалтай, гоёмсог алмазыг мөн танилцуулъя. 31.31 каратын энэхүү хосгүй эрдэнийн чулуу нь мэлхий хэлбэртэй гоёмсог бөгжийг санал болгоно. Учир нь бүхий л гайхамшиг байгалиас эхтэй...