Аялал

Ромын эртний сүйх тэргүүд

 

Эдгээр хөллөгөөт сүйх тэргүүд нь эзэнт гүрнүүдийн уналт, сэргэлтийг гэрчлэн оршино.  Олон зууны туршид сүйх, хөсөг, жуух тэрэгнүүд газар дэлхийг доргиосоор ирсэн билээ.  

Сүйх тэргүүдийг зарим тохиолдолд зөвхөн практик хэрэглээнд зориулан энгийн загвартайгаар хийдэг байсан бол заримдаа эсрэгээрээ хаан, хатан, ихэс дээдсийг тээвэрлэх үед ач холбогдлоосоо шалтгаалаад тансаг хэрэглээ байхаар бүтээж байжээ.

 

 

Өнгөрсөн үеийн бүх сүр жавхлан, гоёмсог байдал нь Ромын эртний сүйх тэрэгний музейн танхимд хадгалагдан үлджээ. Висконтигийн кинонуудад зохицсон гоо үзэсгэлэн нь тэртээ хол алсран үлдсэн эрт дээр үеийн ертөнцийн түүхийг шивнэнэ. Дурсамжууд нь одоо ч бидний дунд оршин буй мэт ойр санагдана. 

Замын хучлага чулуун дээр тайван алхах морины тахны чимээ, эсвэл ташуурын тас хийх дуунаар хурдлан давхих нүргээн, чухал уулзалт руу яаравчлах дээдсийн хүрээнийхэн... 

Сүйх тэрэгний сонголт энэ талаар бүгдийг хүүрнэн өгүүлнэ. 

 

 

Унгараас импортолсон энэхүү тээврийн хэрэгслийг Милан, Неаполь, Ферраре хотууд анх нэвтрүүлжээ. Хэдий энэхүү тээврийн хэрэгсэл хэрэглээнд хурдан нэвтэрсэн ч Европын бусад хотууд энэ хурдыг гүйцэхэд бага зэрэг хугацаа шаардагдсан байдаг.

Удалгүй язгууртны гэр бүлүүд бие биеэсээ илүү гарахыг хичээх болсноор Италийн хотуудаар дайран өнгөрч буй сүйх тэрэгнүүд нь өрсөлдөөн болж хувирав. Түүхэн үйл явдал бүр өөрийн гэсэн сүйх тэрэгтэй, баяр болгонд морь хөлөглөсөн тансаг сүйх тэргээр ирдэг байв.

Үзэсгэлэнд тавигдсан, олонд хамгийн их танигдсан сүйх тэрэгнүүдийн нэг бол Германы нийслэл хотын нэрээр нэрлэгдсэн Берлин юм. Үүнийг 1670 онд Бранденбургийн сонгогчдын төлөө ажиллаж байсан архитектор Филлип Чийз зохион бүтээжээ. Дөрвөн дугуйт энэхүү дэгжин тэрэг зургаан хүний суудалтай, хурдан, хөнгөн, сайн бэхэлгээтэй, бусад тэрэгтэй харьцуулахад онхолдох магадлал багатай байжээ. Хэд хэдэн төрлийг зохион бүтээсний зарим нь илүү их гоёл чимэглэлтэй байсан бөгөөд сүйх тэрэг нь удалгүй хааны хэрэгцээнд зориулсан тээврийн хэрэгсэл болжээ.

 

Сүйх тэрэгний чимэглэлийн нарийн зүйлсээс нийгмийн статусыг харах боломжтой байжээ. Англи, Францад тэрэгч нь урд байрлах жижиг сандал дээр суудаг бол Испанид жолооч нь морьдын нэг дээр сууж явдаг байсан аж. 

Сүйх тэрэгний хэмжээ том байх тусам илүү тухтайгаас гадна эзнийх нь нийгмийн статус өндөр гэдгийг мөн илтгэдэг байв. 

 

 

 

 

 

Цаг хугацаа өнгөрөхөд хурд нь гоёл чимэглэлээс илүү чухал болж, тэрэгний ерөнхий хэлбэр өөрчлөгдөж эхэлжээ. 

Таван зууны турш сүйх тэрэг очир эрдэнэ мэт гялалзаж ирсэн юм. 

 

 

 

Сүйх тэрэг нь орчин үеийн хөгжингүй нийгэмд ч аливаа арга хэмжээнд хүндэтгэлийн байр сууриа мөнхөд хадгалсаар байх болно.