Үнэт эдлэл

2,492 каратын ер бусын том очир эрдэнэ

Lucara Diamond компани Ботсвана улсын Карове орд газраас 2,492 каратын хосгүй ховор очир эрдэнэ олсон гэдгээ зарлалаа. 

Засагдаагүй, байгалиараа гэдэг үзүүлэлтээрээ энэ нь дэлхийн хамгийн том очир эрдэнэсийн тоонд зүй ёсоор багтаж байгаа юм. Компани MDR буюу Mega Diamond Recovery, XRT буюу X-ray Transmission технологийг ашиглан, энэхүү эрдэнэсийг илрүүлжээ. Том хэмжээтэй очир эрдэнэсийг олж байршлыг тогтоох, хадгалах зориулалттай энэхүү технологийг 2017 оноос ашиглаж эхэлсэн байна.    

 

 Энэ удаагийн олборлолтыг хийснээр Карове уурхайд дэлхийн зэрэглэлийн нөөц баялагтай гэсэн нэр хүнд ирж, харин Lucara компанийн хувьд том хэмжээтэй, ер бусын очир эрдэнийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гэсэн байр сууриа бататган бэхжүүлсэн үйл явдал болж байна. Өмнө нь энэ уурхайгаас 1,758 каратын Севело, 1109 каратын Леседи Ла Рона нэртэй эрдэнэсийг олборлож байжээ. 

Lucara компанийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Виллиам Лэм өрнөж буй үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, “Эгэл жирийн бус, ийм гайхалтай эрдэнийн чулууг нээн илрүүлсэндээ баярлан догдолж байна. Энэ үйл явдал нь манай Карове уурхайг нөөц бололцоо ихтэйг харуулаад зогсохгүй, хамгийн сүүлийн үеийн XRT технологит стратегийн хөрөнгө оруулалт хийсэн нь оновчтой шийдвэр байсан гэдгийг нотоллоо. Маш сайн чанарын чулууг ингэж том хэмжээтэйгээр бүхлээр нь газраас салган авна гэдэг нь манай олборлолтын арга барил өндөр үр өгөөжтэй, сайн байгаагийн тод жишээ юм. Энэ амжилтаар бид хувьцаа эзэмшигчид болон хамтрагчдадаа байж болох хамгийн дээд үнэ цэнийг хүргэнэ гэсэн амлалтаа биелүүлж байна” гэжээ. 

 Эх сурвалж: Lucara Diamond