Чиг хандлага

Max Mara 2026 оны хавар-зуны цуглуулга

Италийн сонгодог хийц, хувиршгүй чанараараа дэгжин байдлын хэм хэмжээг дэлхийд тодорхойлдог Макс Мара брэндийн 2026 оны хавар зуны цуглуулга

Өөртөө итгэлтэй, эрх чөлөөт, дэгжин хэв маягийг өдөр тутамдаа бүрдүүлж чаддаг хүчирхэг эмэгтэйчүүдийн сонголт бол яахын аргагүй Max Mara. 2026 оны хавар зуны коллекцоо Парисын тайзан дээр толилуулж, XVIII зууны Рококо урсгалыг орчин үеийн минимализмтай уялдууллаа. Үүнд, баримал хэлбэртэй хантааз, архитектурын шугам бүхий пальто, хөнгөн юбка зэрэг элементүүд хослон, эмэгтэй хүний тэвчээр ба зөөлөн чанарыг зэрэгцүүлсэн нь анхаарал татав.

Торгон органза, нимгэн хөвөн даавуу зэрэг материал нь гэрэлд зөөлөн уус ч эмэгтэй хүний уян налархай, энхрий байдлыг илтгэжээ. Харин өргөн оёдол, хурц мөрний шийдэл нь эмэгтэй хүний дотоод хүчийг илэрхийлнэ. Сүүн шаргал, ягаан өнгөнүүд Версалийн ордны тансаг уур амьсгалыг санагдуулж, өнгөрсөн ба орчин үеийн гоо сайхныг холбон өгүүлнэ.

“Жинхэнэ тансаг байдал бол чимээгүй оршдог” хэмээх философи энэ коллекцийн гол санаа байв. Өнгөрсөн үеийн тансаг байдлыг орчин цагийн энгийн байдалтай хослуулсныг дэлхийн загварын хэвлэлүүд онцолж байна.