BMW X7 загвар

Автомашин

BMW-ийн гурван эгнээ суудалтай X7 загвар

 

Энэ бол олон гишүүнтэй гэр бүлд зориулсан долоон суудалтай "BMW X7" стандарт хувилбар юм.

Загварын хувьд нүсэр, овор ихтэй энэ хувилбар нь BMW X5 загвараас 23 см урт буюу нийт 5.15 метрийн урттай. Харин "Mercedes GLS" загвараас 2 см өндөр, "Audi Q7" загвараас 10 см урт юм. Тиймээс X7 загвар нь энэ төрлийн машины зах зээлд манлайлагч болох нь тодорхой боллоо!

 

"Дабль кидни" хэмээх урд сараалж нь BMW брэндийн X загварын машинуудынхаас хамгийн том нь ажээ. Урд талын сараалжтай холбогдсон нарийвтар урд гэрэл машиныг илүү өргөн харагдуулна. 

 

Тус загвар арын хэсэгтээ 7 цувралынхтай төстэй усны дусал мэт хэлбэр бүхий 2 гэрэлтэй. Харин хянах самбарын хэсэгт мод, арьс зэрэг материалуудаас сонголт хийх боломжтой. 

 

Салхины шил дээрх мэдээллийн самбар, BMW Live Cockpit дижитал төхөөрөмж, төв консолын дээд хэсэгт байрлах 12.3 инчийн мэдрэгчтэй хэвтээ дэлгэц зэрэг нь энэ загварт суурилуулсан стандарт төхөөрөмжүүд юм. Мөн араа солигчийн бариулын толгойг "Swarovski" болроор урлажээ.

 

X7 загвар 326-аас 2,120 литрийн тээшний багтаамжтай. Найман шатлалт Steptronic хурдны хайрцаг, шатахуун болон дизелийн гурван хөдөлгүүрийн сонголттой. 30d загвар нь 265 морины хүчтэй, M50d загвар 400 морины хүчтэй, 40i хувилбар 340 морины хүчтэй аж.

 

Тус загвар нь гэр бүлийн гишүүдийн тав тухыг хангах гурван эгнээ суудалтайгаараа онцлог.

 

X7 загварыг 462 морины хүчтэй V8 шатахуун хөдөлгүүрээр тоногложээ.