Чиг хандлага

Харри Стайлс, Алессандро Микеле нарын хамтарсан Gucci коллекц

Харри Стайлс, Алессандро Микеле нарын гар нийлэн бүтээсэн Gucci HA HA HA коллекц!

Энэ цуглуулгыг Gucci-ийн бүтээлч захирал Алессандро Микеле болон дуучин, жүжигчин Харри Стайлс хоёрын нөхөрлөл, бүтээлч сэтгэлгээний аялалын тэсрэлтийн цэг болсон гэж хэлж болох юм.

 

Тэд олон жилийн өмнө, хэн хэн нь соло карьераа дөнгөж эхэлж байх цаг үедээ танилцаж байсан. Алессандро Микеле Gucci-д бүтээлч захирлын ажлаа эхлүүлж байсан бол Харри Стайлс бие даасан анхны цомгоо гаргаад удаагүй байсан үе юм. Тэгээд тэдний анхны уулзалтаар шууд л санаа бодлоо солилцох, бүтээлч хамтрал үүсгэх, шинийг эрж хайх тэмүүллийн харилцаа үүсжээ.

 

“hahaha” гэдэг үг нь Харри Стайлс, Алессандро Микеле хоёрын нэрний эхний үсгүүдийн нийлмэл бөгөөд тэд мессежээр харилцахдаа ингэж тэмдэг тавьдаг болоод хэдэн жил өнгөрчээ. Харриг загварын гайхалтай мэдрэмжтэй гэдгийг хүн бүр мэднэ. Харин хамтран ажиллах санаа Харрис, Алессандро хоёр утсаар ярьж байх үед Алессандрод анх төржээ. Хүүхдийн юм шиг сэтгэлгээгээр сониуч байдлаас урган гарсан “мөрөөдлийн хувцасны шүүгээ” бүтээе гэсэн саналыг тэрээр тавьсан байна.

Үр дүнд нь 1970-аад оны үеийн поп, бохеми стилээс эхлээд жентелмэн төрхийг эрэгтэй кутюр болгон шинэчилсэн хувилбар гээд гоо зүйн янз бүрийн хэв маягийн холимог бий болжээ.

 

 

 

 

 

 

 

Gucci HA HA HA нь хүн бүр гоо сайхныг харах өөрийн гэсэн өнцөгтэй байх эрхтэй гэсэн санааг авангард хэв маягаар илэрхийлсэн баяр баясал авчрагч коллекц юм. Англи маягийн оёдол урлалын элементүүд дээр романтик хөг нэмснээр эрэгтэйлэг байдлын шинэлэг дүрслэлийг бий болгожээ. Жишээ нь Уэльсийн Хун Тайжийн стилээс хачирхалтай сонин байдлаар санаа авсан давхар товчтой хүрмийг дурдаж болно.

 

Хүрмийг гар аргаар урласан нь маш их давуу тал болсон гэдэг нь бүрээстэй болон ил нүхтэй товчнууд зэрэг деталуудаас тодхон харагдана. Чамин ганган хослолууд, боловсруулсан деним хүрэм, энгийнээс өөрөөр харагдах хамбан хослол гэх мэтээр үргэлжилнэ. Мөн хөгжилтэй хээ зурагтай унтлагын хувцасыг боулингийн ханцуйгүй цамцтай хослуулсан хослол, малгай болон чагтан товч бүхий хээтэй хүрмэн дээр арьсан бүчтэй шотланд банзал хослуулсан төрхүүдийг дурдаж болно.

 

Хоёр уран бүтээлчийн сэтгэлгээ болоод мэдрэмж төсөөллийн огтцлолцол болсон ийм нэгэн бүтээл Gucci загварын ордоноос ийнхүү төржээ.