Архитектур, дизайн
Хавайн ногоон байгальд уусан нэгдсэн Hale Lana
Хавайн Кона арал дээрх энэхүү мөрөөдлийн байшингийн дизайныг Америкийн алдарт Олсон Кундиг архитектурын фирм гаргажээ.
Модон тагтyууд, олон цэцэрлэгт хүрээлэнгээр холбогдсон халхавч хэлбэртэй таван павильоноос бүрдэх асар том энэхүү байшин нь 1598 м2 талбайтай.
"Хөвөгч байшин" хэмээх утгатай нэрийг санамсаргүйгээр өгөөгүй аж. Байшингийн бүрэлдэхүүн бүр нь газраас бага зэрэг өргөгдсөн тул гадаа талбай болон цэцэрлэгт хүрээлэнгийн дээгүүр хөвөх мэт харагдах төдийгүй металлаар хийсэн дээвэр нь агаарт өлгөгдсөн мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Дизайны эцсийн зорилго нь ил тод байдал, нууцлалын хоорондын тэнцвэрийг дотор болон гадна талд бий болгох явдал байжээ. Hale Lana Хавайн газар нутаг дээрх халхавчтай төстэй тул зорилгоо амжилттай биелүүлсэн гэж болно.
Дөрвөн зүгийн салхи чөлөөтэй нэвтрэх энэхүү байшин нь архитектурын ил тод байдлын ачаар бүх талаас нь харагдах ургамлуудтай уусан нэгдсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Модоор урласан байшингийн таван хэсэг нь гүйдэг шилэн хаалгатай тул байшинг тойрон хүрээлэх чулуун хана болон эргэн тойрны орчныг харах боломж олгоно. Хамгийн том орон зайд гал тогоо, зочны өрөө, хоолны өрөө гэх мэт зочдод зориулсан хэсгүүдийг багтаасан төдийгүй хэд хэдэн унтлагын өрөөтэй. Хаалттай тагт нь энэ хэсгийг бусад дөрвөн хэсэгтэй холбож өгөх бөгөөд тус бүрд нь мастер унтлагын өрөө, зочны өрөө, тусгаарлах тасалгаа, мөн гараж байрлана.
Байшингийн хэсэг тус бүрд суурилуулсан ховил дээр тохируулгатай модон хаалтуудыг бэхэлсэн бөгөөд оршин суугчийн хүслээр хувийн нууцлалыг хадгалах, нарны туяа, салхины чиглэл зэрэг хүрээлэн буй орчны өөрчлөлтийг хянах боломжийг олгодог. Тойрсон чулуун хана нь байшинг Кона аралтай холбоно.
Дотоод засал чимэглэлийн хувьд, захиалгаар хийсэн тавилга, гоёл чимэглэлийн элементүүд нь архитектурыг Хавайн нарийн стандартын дагуу бүрэн төгс болгожээ. Өргөн том усан сан нь энэхүү ер бусын сууцын тав тухыг гүйцээсэн байна.
Байгаль дундах жинхэнэ амар амгалангийн диваажин!