Архитектур, дизайн
Өвөрмөц хэлбэр бүхий "Six Square" сууц
"Young Projects" архитектурын студийн бүтээл "Six Square" сууц нь АНУ-ын Нью-Йорк хотын Бриджгемптон дахь түүхт нэгэн байшингийн хажууд 8000 м2 талбайг хамран оршино.
Уг сууц нь гурвалжин хэлбэрийн дээврээс гадна зургаан тусдаа хэсгээс бүрддэг онцлогтой. Энэхүү шинж чанараас үүдэж байшинг "Six Square" хэмээн нэрийджээ.
Зургаан хэсгийн дээврийн ирмэгүүдийг нийлүүлэн барьсан бөгөөд хормойг нь долгиолсон хэлбэртэй урласнаараа уламжлалт байдлыг эвдэж чаджээ. Сууцыг бүхэлд нь хар саарал өнгийн Аккоя модоор бүрсэн байна.
"Young Projects" архитектурын студи нь 1850-аад оны фермийн сууцыг хэвээр үлдээж, ард нь шинэ үл хөдлөх хөрөнгө нэмж барин, үйлчлүүлэгчдэд зориулсан гол газар бий болгохыг хүсчээ. Ийнхүү фермийн байшингийн нэг хэсэг болсон контемпорари маягийн "Six Square" сууц уламжлалт саравчны хуучин тодорхойлолтыг үндсээр нь өөрчилж, "Long Island"-ын түүхэн архитектурын нарийн байдлыг харуулж чаджээ.
325 м2 талбайтай байшин нь 2 унтлагын өрөө, 3 угаалгын өрөө, гал тогоо, зочны өрөө, гадаа талбай, гаражаас бүрдэнэ. Амралтын өрөөнөөс цэцэрлэг, усан сантай байшин руу шууд хүрэх боломжтой. Зургаан байшин нь дундаа гурвалжин хэлбэртэй талбай үүсгэн байрлах ба энэхүү зохион байгуулалт нь тэгш болон тэгш бусын хоорондох харааны тэнцвэрт байдлыг санал болгодог. Амралтын бүхий л хэсэг болон гал тогоо нь нийлж байрлах ба энэ нь тасралтгүй үргэлжлэх таазыг тодотгосон задгай том орон зайг бий болгодог. Харин унтлагын өрөөнүүд илүү хувийн орчин бүрдүүлж модоор хүрээлэгдсэн байдаг.
Интерьерийг завсрын болон цайвар өнгөөр бүрдүүлсэн төдийгүй хана болон таазыг гипс шохойгоор өнгөлж, шал, модон эдлэлүүдийг цагаан царс, яшил модоор урлан, гал тогооны тавцанг гантигаар хийжээ. Сууцны шинж чанарт тохирох хөнгөн, халуун дулаан байдлыг бүрдүүлэхийн тулд интерьерийн эдгээр өнгө, төрөл бүрийн материалыг зэрэгцүүлэн сонгосон байна.
Тансаг, шинэлэг, гайхалтай сууц…