Автомашин
Бразилын домогт жолоочийн дурсгалд зориулсан McLaren Senna
800 морины хүчтэй V8 хос турбо хөдөлгүүрээр тоноглогдсон энэ гайхамшигт англи машиныг 1988, 1990, 1991 оны Формула 1-ийн дэлхийн гурван удаагийн аварга Бразилын домогт жолоочийн дурсгалд зориулан бүтээжээ.
Энэ бол "P1" болон "P1 GTR" загварын дараагаар тус брэндийн хамгийн ховор, экстрим загварын машинд зориулсан "McLaren Ultimate Series" ангилалд багтсан гурав дахь загвар юм. Анхааралтай ажиглавал "McLaren Senna" нь хосолсон хөдөлгүүртэй "P1" загварт суурилсан нь тодорхой харагдана.
Инженерүүд монокок болон карбон файбер төрлийн арлыг нэгтгэн жинг нь хязгаарлажээ. Дотор хэсэгт нь тус материалаар хийсэн эд ангиуд олон бий. Ингэсний дүнд тус машин ердөө 1198 кг жинтэй болжээ. 1993 оны 1140 кг жинтэй домогт F1-ээс хойш энэ брэндийн ямар ч загварыг түүнээс илүү сайжруулаагүй билээ. Мөн нэвт харагддаг хаалга сонгох боломжтой төдийгүй ингэснээр энэхүү англи пуужингийн жинг илүү багасгаж болох юм.
Аэродинамикийн хувьд урд болон арын хэсэгт том нэмэлт оруулга, илүү том диффузор болон тоормосыг сайжруулахын тулд арын хэсэгт спойлер суурилуулжээ. Асаах товч уламжлалт байрлалаас өөрөөр таазанд байрлана.
Хөдөлгүүр, гүйцэтгэлийн хувьд McLaren Senna-г 720S загвараас авсан 4 литрийн багтаамжтай V8 хос турбо хөдөлгүүрээр тоноглосноор 800 морины хүч хүртэл нэмэгдэж, 800 ньютон метр эргэлтийн хүчтэй болжээ.
200 км/цагийн хурдыг 6,8 секундэд, 100 км/цагийн хурдыг ердөө 2,8 секундэд авна. McLaren-ны дээд хурд 340 км/цаг аж.