Архитектур, дизайн
Гайхалтай загвар бүхий шинэ тавилгууд
Энгийн бус дизайнтай тавилгын цуглуулгуудыг танилцуулж байна...
Канадын Moss & Lam студийн W1 коллекц! Энэ коллекц нь гурван ширээнээс бүрдэх бөгөөд ширээнүүдийн гадаргуугийн хээ дүрслэл нь гар урлалын хуучны нэгэн техникийг ашигласны үр дүнд өөрөө аяндаа бий болжээ. Тэрхүү техникийн нэр нь скальола бөгөөд гантиг чулуу мэт гадаргууг бүтээхийн тулд шохой, цавуу, будагч бодисыг нийлүүлэн хутгах санаанаас анх 17 дугаар зууны үед үүсэж байсан байна. Маш энгийн бодисуудыг хольж хувиргасны үр дүн нь гайхалтай байж чаджээ. Ялангуяа W1 коллекцын гурван ширээний ирмэггүй, дугуй хэлбэрт бүр ч илүүтэй зохицжээ.
Дараагийн тавилга бол Арт Деко урсгалд хүндэтгэл үзүүлсэн бүтээл гэж хэлж болно. Италийн загвар зохион бүтээгч Алессандро Замбелли 1920-иод оны Парис болон арт деко хөдөлгөөнийг эхлүүлэгч авангард дизайнеруудад дурсахыг хүсжээ. Мэдээж ард деко хөдөлгөөн гээд ярихаар их хотын гоёмсог тансаг интерьер, Оросын баллетын сүрлэг чимэглэл, Эмиль-Жак Рульманы төгс мэт тавилгууд, Жан Данандын хичээнгүйлэн хээнцрээр урласан бүтээлүүдийг дурдахгүй байхын аргагүй. Цуглуулгын нэр “Marquee” бөгөөд бар, шүүгээ, кофены ширээнээс бүрдэнэ. Ашигласан техник болоод сэдэвлэсэн сэдэв аль аль нь эртнийх. Үүнд орсон металлууд болох төмөр, зэс, гууль гээд бүгд исэлдэх үйл явцын шинэ туршилтын объект болсон гэж хэлж болно. Үр дүнд нь гадаргуу нь таамаглахааргүй, давтагдашгүй цор ганц шинж байдалтай болсон байна. Дизайнер маань исэлдэлтийн 4 ялгаатай зэргээр туршилт хийжээ. Үр дүнд нь тавилгын гэрэл сүүдэр, дүрслэлийг улам бүр баяжуулсан гадаргуугийн хээ үүссэн байна. Өөрөөр хэлбэл гадаргуугийн бүтэц нь тавилгын зохиомжтой уусан зохицож, тодотгож чадсан гэсэн үг.
Төгсгөлд нь сэтгэл хөдөлгөсөн нэгэн модон тавилгыг танилцуулъя. Лос Анжелесаас гаралтай дизайнер Пол Фоеклер Калифорнийн агар модоор хосгүй гэрэл бүтээх гайхалтай санаа олжээ. Гэрлийн коллекцоо “Split Grain” гэж нэрлэсэн байна. Өө сэв үлдээхийг хүсээгүй дизайнер цуглуулгынхаа гэрэл тус бүрд 100 орчим цаг зарцуулж бүтээжээ. Мөн загвар тус бүрийн өвөрмөц шинж, өнцөг, гэрэл сүүдрийг тодотгож харуулахын тулд тохирох модыг нь нямбайлан маш анхааралтайгаар сонгосон байна. Модны ирмэг, өнцөг бүрийг тодотгох гэрлийн туяа нь сүрлэг сайхан үзэмжийг бүтээжээ. Байгалийн материал, нягт нямбай ажиллагаа, өнгө, хэлбэр, бас гэрлээр тоглож гаргасан минималист бүтээл...