Мотоцикл

BMW-ийн шинэ үеийн Concept Link Scooter

BMW-аас гаргасан Concept Link гэх шинэ үеийн энэхүү скүтр нь ирээдүйгээс ирсэн гэмээр, 100% цахилгаанаар ажиллаж, гар утастайгаа холбон ашиглах боломжтойгоор бүтээгджээ.

Италид жил бүр зохиогддог Concours dElegance-ийн Villa dEste-д энэ скүтрийг анх танилцуулсан юм. Энэ үеэр BMW Motorrad-ын ахлах дизайнер Edgar Heinrich, уг хоёр дугуйтыг их хотын тээврийн хэрэгслийн шинэ төрхийг илтгэх, дижитал, аналог ертөнцийн хослол бөгөөд жолооч болон жолоочийн хэрэгцээг өөртөө агуулсан хэмээн онцолжээ. 

Шинэлэг загвартай Concept Link нь BMW-ийн C Evolution гэх цахилгаан скүтрээс хол давуу чанартай. Скүтрийн хажуугийн хаалт арын хэсгийг бүрэн халхлахгүй, зарим эд ангийг ил харагдахуйцаар загварчилжээ. Мөн суудлын уртыг нэг болон хоёр хүн сууж болохоор өөрчлөн тохируулах боломжтой. Хамгаалалтын дуулга хийх зориулалттай гулсдаг хаалт бүхий хэсэг ч бас гаргажээ. 

 

Хүний хэрэгцээнд илүү ойр Concept Link нь ажиллагааны хувьд огт өөр.  Скүтрийн 2.0 дэх хувилбарыг ухаалаг утастайгаа  холбон ашиглаж болно. Ингэснээр календар болон хамгийн дөт замын маршрутыг урьдчилан харах боломж бүрдэх юм.  Хурд, аккумляторын цэнэг, жолоодлогын мэдээлэл зэргийг жолоочийн харааны түвшин дэх хянах самбар дээр харуулна. Харин бусад мэдээллийг жолооны дор байрлах мэдрэгчтэй дэлгэцээс авах боломжтой.