Робот, завь
Нисдэг такси
Дуу чимээгүй, байгальд ээлтэй энэхүү нисдэг такси нь цөөн тооны зорчигч тээврийн хэрэглээнд тохиромжтой бөгөөд цаашлаад хотуудын тээврийн салбарт хувьсал авчрах боломжтой гэж тооцогдож байна.
Германы Volocopter компани нисдэг цахилгаан машин бүтээх төсөлдөө 25 сая еврогийн санхүүжилт авчээ. Хөрөнгө оруулагчдынх нь дунд машин үйлдвэрлэгч Daimler корпораци болон Германы бизнес эрхлэгч Lukasz Gadowski нар байгаа юм. Volocopter компани нэмэлт санхүүжилтээ бүтээгдэхүүний загварын хөгжүүлэлт, танилцуулгад түлхүү ашиглахаар төлөвлөсөн байна. Мөн төслийн баг таксины зах зээлд зориулан 5 суудалтай тээврийн хэрэгсэл хөөрөх, буух технологийг хөгжүүлж байгаа гэдгээ мэдэгджээ.
Эхний туршилт 2017 оны сүүлээр Дубайд хийгдсэн байна. 2030 он гэхэд Дубай зорчигч тээврийнхээ 25 хувийг энэхүү автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн тусламжтайгаар зохицуулахыг зорьж байгаа юм.
Гэхдээ энэ зах зээлд Volocopter дангаараа ноёрхдоггүй. Германы Lilium Jet, E-Volo нар мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Америкийн Terrafugia болон Европын нисэх онгоц үйлдвэрлэгч томоохон компани болох Airbus-г энд дурдахгүй өнгөрч болохгүй. Airbus компани автомат удирдлагатай 1-2 зорчигч тээвэрлэн авч яах чадалтай, хоёр ч тээврийн хэрэгслийн төсөл хэрэгжүүлж байна.