Чиг хандлага

“Хийморь” бол хүн бүрд байдаг эрхэм чанар

“Art of UB” галерейн үүсгэн байгуулагч, уран бүтээлч Ө.Буянхишигийн “Хийморь Installation Art" шоу эвент "Temple" ресторанд зохион байгуулагдлаа.

Түүний эх орондоо бие даан толилуулж буй хоёр дахь үзэсгэлэн нь Монгол хүний энэрэл хайр, дотоод хийморь, сэтгэлийн тэнхээг уран зургийн хэлээр илэрхийлснээрээ онцлог юм.

 

Түүний бүтээл дэлхийн нэр хүндтэй Phillips Auction House-ийн Хонг Конг дахь дуудлага худалдаанд оролцсон нь өндөр гэгээн Занабазараас хойших дараагийн уран бүтээлч болж байгаа юм. Тус дуудлага худалдаа нь урлагийн зах зээлийн өндөр шалгуур, нэр хүнд, чансаагаараа дэлхийд үнэлэгддэг.

 

 

“Art of UB” галерейн үүсгэн байгуулагч Ө.Буянхишиг:

“Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн уран бүтээлийг толилуулах бус, урлагаар дамжуулан боловсрол, гоо зүйн мэдрэмж түгээх, мөн нийгэмд эерэг нөлөө бүхий санаачилга дэвшүүлэх зорилгоос үүдэлтэй. Монголчууд эртнээс байгаль, эх дэлхийтэйгээ хүйн холбоотой оршиж ирсэн ард түмэн. 

Тиймдээ ч хийморь сүлдээ эх дэлхийдээ даатган, дотоод итгэл, сүсэг бишрэлтэйгээ холбон ойлгож ирсэн билээ. “Хийморь” үзэл баримтлал нь энэрэл хайр, зориг тэвчээр, сэтгэлийн хат зэрэг Монгол хүний эрхэм чанарыг уран сайхны хэлээр илэрхийлж, олон улсын үзэгчдэд таниулахыг зорьсон.”

 

Төрийн Соёрхолт зураач Ц.Цэгмэд уг үзэсгэлэнгийн талаар:

“Шавийн минь ‘Хийморь’ үзэл баримтлал гүн утга агуулгатай. Түүний бүтээлүүдийг орчин үеийн контемпорари урсгалд хамааруулахын зэрэгцээ эртний хадны сүг зургийн уламжлалаас сэдэл авсан гэж харж болно. Хадны зураг нь хүний сэтгэлийг далд ертөнцтэй холбодог соёлын гайхалтай өв. Энэ үнэт уламжлалаас эх аван бүтээл туурвиж буй нь сайшаалтай.”

 

Уран бүтээлчийн онцлох бүтээлүүд Regis Place-ийн 21-р давхарт байрлах Art of UB галерейд үргэлжлэн дэлгэгдэж байна. Мөн зураач өөрийн уран бүтээлийн үзэл санаа, концепц, бүтээх үйл явцынхаа талаар биечлэн хуваалцах “Artist Talk” уулзалт 2026 оны 5 сарын 22-нд зохион байгуулагдах юм.