Арьс арчилгаа
Арьс арьчилгааны минималист үе
Арьс арчилгаанд олон бүтээгдэхүүн сонгох биш хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээ зөв сонгох нь чухал юм.
Арьс арьчилгааны 10 шатлалт бүтээгдэхүүн, олон төрлийн серум, идэвхтэй найрлагууд гоо сайхны салбарт ноёлж ирсэн. Ялангуяа Солонгосоос гаралтай 10 алхамт skincare routine дэлхий даяар түгэж тонер, эссенз, ампул, серум, маск зэрэг олон бүтээгдэхүүнийг өдөр бүр давхарлан хэрэглэж иржээ.
Харин 2026 онд чиг хандлага өөрчлөгдөж байна. Үүнийг "Skinimalism" буюу арьс арчилгааны минималист хандлага гэж нэрлэх бөгөөд хэрэглэгч олон бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэй арьсандаа үнэхээр хэрэгтэй, зорилтот үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонгох болсон байна.

Арьс судлаачдын үзэж буйгаар хэт олон бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны хамгаалах давхаргыг гэмтээж, улайлт, цочрол, батга үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ихэнх тохиолдолд шалтгаан нь арьсны төрөлдөө тохироогүй олон идэвхтэй найрлагыг зэрэг хэрэглэхтэй холбоотой. Тиймээс skinimalism-ийн үндсэн зарчим нь арьсыг олон найрлагаар ачаалах бус, цэвэрлэгч, чийгшүүлэгч, нарны тос гэсэн гурван суурь бүтээгдэхүүнд төвлөрөхийг санал болгож байгаа юм.














