Чиг хандлага
Хиймэл оюун ухаан загварын салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
Виртуал стилист нь хэрэглэгчийн өмнөх худалдан авалт, биеийн онцлог, сонирхол, хэрэглээний хэв маягт тулгуурлан тохирох хувцас, гоёл чимэглэлийг санал болгодог.
“Vogue Business” нь загвар, гоо сайхны салбарын бизнес, технологийн чиг хандлагыг хөнддөг олон улсын медиа платформ юм. Тус байгууллагын жил бүр зохион байгуулдаг “Vogue Business Global Summit” арга хэмжээнд загварын бизнесийн ирээдүй, технологи, хэрэглэгчийн зан төлөв, тансаг хэрэглээний зах зээлийн өөрчлөлтийг хэлэлцдэг.
2026 оны уулзалтын онцлох сэдвүүдийн нэг нь хиймэл оюун ухаан загварын салбарыг хэрхэн өөрчилж буй тухай байлаа.


Сүүлийн үед загварын салбарт AI хэрэглэгчдэд ямар бүтээгдэхүүн таалагдахыг таамаглах, борлуулалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, виртуал стилист ажиллуулах зэрэгт ашиглаж эхэлжээ.
Тухайлбал, виртуал стилист нь хэрэглэгчийн өмнөх худалдан авалт, биеийн онцлог, сонирхол, хэрэглээний хэв маягт тулгуурлан тохирох хувцас, гоёл чимэглэлийг санал болгодог байна. Үүнээс гадна, брэндүүд хиймэл оюун ухааны тусламжтай хэрэглэгчийн дата ашиглан ямар бүтээгдэхүүн хамгийн их эрэлттэй байх, ямар бараа илүү борлогдохыг урьдчилан тооцоолох боломжтой болжээ.


Энэ хандлага хэрэглэгчийн зан төлөвийн судалгаанд ч харагдаж байна. BoF–McKinsey-ийн “State of Fashion 2025” судалгаанд дурдсанаар, 2024 онд АНУ, Их Британи, Франц, Хятадын 1,959 хэрэглэгчийг хамруулсан судалгаанд оролцогчдын 74% нь хэт олон сонголтоос шалтгаалан онлайн худалдан авалтаа орхиж байсан бол 82% нь бүтээгдэхүүн хайх, худалдан авах шийдвэр гаргах үйл явцыг AI-ийн тусламжтай илүү хялбарчлаасай гэх саналыг тусгаж байжээ.
Гэсэн ч хурлын үеэр хиймэл оюун ухааны нөлөө нь бүтээлч мэргэжилтнүүдийг бүрэн орлохгүй гэдгийг онцолсон байна. “Swap Commerce”-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сам Аткинсон хэлснээр өндөр зэрэглэлийн загварын салбарт “Human touch” буюу хүний бодит мэдрэмж, бүтээлч чанар өндөр үнэ цэнтэй хэвээр байна.


















