Үнэт эдлэл
Нисгэгчийн түүхээс сэдэвлэсэн бугуйн цаг
Домогт нисгэгч Alberto Santos-Dumont-ын түүхийг шингээсэн Santos de Cartier Chronograph цагийг танилцууллаа.
Тансаг зэрэглэлийн Cartier брэнд алдарт Santos de Cartier Chronograph бугуйн цагныхаа шинэчилсэн хувилбарыг танилцууллаа. Энэхүү загвар нь нисэхийн салбарын анхдагч, домогт нисэгч Альберто Сантос-Дюмоны өв, үзэл санаа, түүхэн нөлөөг орчин үеийн цаг урлалын шийдэлтэй хослуулснаараа онцлог юм.



Энэхүү загвар нь цуглуулгын өвөрмөц төрхийг хадгалсан ч өнөөгийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн илүү боловсронгуй болсон байна. Cartier цагны нүүрний дизайныг шинэчилж, их биеийн хэмжээсийг нарийн тохируулснаар уншихад илүү ойлгомжтой, хэрэглэхэд илүү тав тухтай болгожээ. Үүний зэрэгцээ функциональ ажиллагаа болон өдөр тутмын хэрэглээний боломжийг улам сайжруулсан байна.






Энэхүү цуглуулга XX зууны эхэн үетэй салшгүй холбоотой. Бразилын зохион бүтээгч, нисэхийн анхдагч Альберто Сантос-Дюмон 1904 онд нислэгийн үеэр халаасны цагаа харахад хүндрэлтэй байдаг тухай найз Луи Картьед ярьсан гэдэг. Үүний дараа Картье түүнд зориулсан тусгай бугуйн цаг бүтээж өгснөөр бугуйн цагны түүхэнд шинэ хуудас нээгдэж, өнөөгийн алдарт Santos цуглуулгын эхлэл тавигдсан юм.
Шинэ Santos de Cartier Chronograph нь энэхүү түүхэн өвийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Альберто Сантос-Дюмоны эрх чөлөөг эрхэмлэсэн сэтгэлгээ, шинийг эрэлхийлэгч үзэл санааг орчин үеийн инженерчлэл, нарийн хийцээр илэрхийлсэн бүтээл болжээ.



















