Хоолны соёл

"Coolcation" буюу халуунаас зугтах аялал

Аялагчид хаашаа аялах вэ гэдэг байсан бол одоо хэзээ аялах вэ гэдэг нь илүү чухал болж байна.

Хэдхэн жилийн өмнө Дэлхий дахинд аялал жуулчлалын идэвхитэй бүсийн тоонд Итали, Грек, Испанийн эрэг хамгийн эрэлттэй байв. Харин сүүлийн жилүүдэд хэт халалт, ой хээрийн түймэр, агаарын температурын өсөлтөөс үүдэн аялагчдын төлөвлөгөөг өөрчилж эхэлсэн. Өмнө нь хүмүүс хаашаа аялах вэ гэж боддог байсан бол одоо хэзээ аялах вэ гэдэг нь илүү чухал болжээ.

 

2022 онд Европт хэт халалтын улмаас 60 мянга орчим хүн амиа алдаж, Их Британид агаарын температур 40 хэмийг давсан байна. Мөн 2023 онд Грекийн Родос арал дээр гарсан түймрийн улмаас олон мянган жуулчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарчээ. Ийм нөхцөл байдал нь аялал жуулчлалын салбарт "coolcation" буюу сэрүүн бүс нутгийг зорих шинэ чиг хандлагыг бий болгож байна.

 

Үүний үр дүнд аялагчид зуны оргил үеэр өмнөд Европыг зорихын оронд хавар, намрын улиралд аялах эсвэл Исландын мөсөн гол, Норвеги, Шотланд зэрэг сэрүүн уур амьсгалтай, өндөрлөг нутгийг сонгох болжээ. Аяллын үнэ цэнийг ая тухтай цаг агаар, тайван орчин тодорхойлох болсон нь аялал жуулчлалын салбарын шинэ салхи болоод буй.