Зочид буудал
Энэтхэгийн Жайпур хот дахь тансаг зочид буудал
Моголын эзэнт гүрний үеийн уран зургаас сэдэвлэсэн зочид буудал
Зарим зочид буудлыг тухайн газрын онцлогт тулгуурлан бүтээдэг бол Villa Palladio-г нэгэн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхээр загварчилжээ.
Энэтхэгийн Жайпур хотод, бугенвил цэцгээр хучигдсан хананы цаана нуугдах Villa Palladio нь Ражастаны уламжлалт өв соёлыг Венецийн романтик уур амьсгалтай хослуулсан, дотно орчин бүхий тансаг зочид буудал юм. Энэхүү зочид буудлын хамгийн танигдах онцлог нь улаан өнгө. Хана, багана, хаалга, тавилгаас эхлээд ор дэрний хэрэглэл хүртэл улаан өнгө өөр өөрийн хувилбараар орон зай бүрд шингэжээ.



Нидерландын нэрт дизайнер Мари-Анн Оудежанс (Marie-Anne Oudejans)-ийн ур ухаанаар бүтсэн интерьерийн өрөө бүр гар урлалын гоо сайхныг өөр өөрийн өнгө төрхөөр илэрхийлнэ. Моголын эзэнт гүрний үеийн уран зургийн хэв маягаас сэдэвлэсэн ханын фреск, гараар зурсан хээ угалз, торгон хөшиг, эртний тавилга болон давхарлан хослуулсан тансаг нэхмэл эдлэлүүд нь орон зай бүрд өвөрмөц дүр төрхийг бий болгожээ.
Энд улаан өнгө зүгээр нэг интерьерийн сонголт биш. Архитектур, гар урлал, орчны уур амьсгалыг холбосон гол илэрхийлэл болж, орон зай бүрийг театрчилсан мэт сүрлэг атлаа тайван мэдрэмжтэй болгож байна. Villa Palladio бидэнд тансаглал гэдэг заавал сүр хэмжээ, тансаг хэрэглээгээр хэмжигдэх албагүйг сануулах мэт.





















