Чиг хандлага
Cartier сангийн 600 гаруй бүтээлийн үзэсгэлэн
Cartier сангийн 40 жилийн турш цуглуулсан бүтээлүүдийг нэг дор үзэх боломжтой.
Cartier брэндийн үүсгэн байгуулсан Орчин үеийн урлагийн сан 40 жилийн ойн хамгийн том үзэсгэлэнгээ Парис толилуулж байна. "Exposition Générale" нэртэй энэхүү үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй уран бүтээлчийн 600 шахам бүтээл багтжээ.
40 жилийн турш цуглуулсан тэдгээр бүтээлийг үзэж сонирхсноор орчин үеийн урлагийн чиг хандлага, өөрчлөлтийг нэг дор харж мэдрэх боломжтой юм.



Үзэсгэлэн XIX зуунд баригдсан түүхэн барилгад зохион байгуулагдаж байна. Францын нэрт архитектор Жан Нувель барилгын гаднах түүхэн өнгө төрхийг хэвээр нь үлдээсэн бол дотоод заслыг хийхдээ бүтээл тус бүрд тохирох заслыг бүрдүүлсэн юм.


Үзэсгэлэнд Америкийн уран бүтээлч Рон Мьюк, дуучин, яруу найрагч Патти Смит зэрэг дэлхийд нэр хүндтэй уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна Африк, Ази, Латин Америкийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг өргөнөөр танилцуулжээ. Ингэснээр орчин үеийн урлагийг зөвхөн Европ, Америкийн өнцгөөс бус, дэлхийн олон орны соёл, үзэл санаатай хамтатган харуулахыг зорьсон байна.




Үзэсгэлэн наймдугаар сарын 23 хүртэл үргэлжлэх бөгөөд орчин үеийн урлаг, архитектур сонирхдог хүмүүсийн энэ зуны хамгийн онцлох үзэсгэлэнгийн нэгээр нэрлэгдэж байна.



















