Хоолны соёл
500 жилийн өмнөх хооллох соёлыг мэдрүүлэх ресторан
Хоол идэхээс өмнө тосгоноор зочилж, Инкүүдийн хоол хүнсээ боловсруулах болон хадгалах арга ухаантай танилцаж, тухайн газрын түүхийг өгүүлсэн хоолыг амталдаг.
Инкүүд бол XV–XVI зууны үед Өмнөд Америкийн баруун хэсэгт оршин тогтнож байсан хамгийн хүчирхэг соёл иргэншлүүдийн нэг юм. Тэдний байгуулсан эзэнт гүрэн өнөөгийн Перу, Боливи, Эквадор, Чили, Аргентин, Колумб зэрэг зургаан улсын нутгийг хамарч, 10–12 сая орчим хүн амтай байсан гэж судлаачид үздэг. Нийслэл нь өнөөгийн Перугийн Куско хот байв.
Уг хотоос 5 минут орчим явбал далайн түвшнээс 3,568 метрийн өндөрт, Инкүүдийн алдарт Морай археологийн цогцолборын хажууд Mil ресторан байрладаг. Гэхдээ Mil-ийг ресторан гэхээс илүү судалгааны төв, соёлын лаборатори гэж нэрлэх нь илүү зөв юм.



Mil-ийг Перугийн нэрт тогооч Вирхилио Мартинес, түүний эхнэр Пиа Леон, судлаач Малена Мартинес нар 2018 онд байгуулжээ. Тэдний зорилго нь амттай хоол хийхээс илүү Перугийн биологийн олон янз байдал, Инкүүдийн өв уламжлалыг судалж, хоолоор дамжуулан хүмүүст хүргэх байв.
Эндэхийн амталгааны цэс улирал бүр өөрчлөгддөг бөгөөд орц бүрийг ресторан орчмын 950–4,200 метрийн өндөрлөгт амьдардаг 300 гаруй тариаланч, малчин, гар урчуудтай хамтран бэлтгэдэг. Төмс, киноа, эрдэнэ шиш, альпакагийн мах, уулын ургамал гээд бүх орц өөрийн гэсэн гарал үүсэл, түүхтэй.




Mil-ийн онцлог нь зочид шууд ширээнд сууж хооллохгүй. Харин Инкүүдийн үеийн тариалангийн туршилтын төв байсан Морайтай танилцаж, нутгийн иргэдтэй уулзаж эртний хүнс хадгалах Qollqa агуулахыг үздэг. Ингэснээр "энэ төмс яагаад ийм амттай вэ?", "энэ үрийг хэн хадгалж ирсэн бэ?", "энэ ургамлыг яагаад зөвхөн энд тарьдаг вэ?" гэсэн асуултын хариултыг мэдэж авна гэсэн үг юм.
Түүнчлэн, Mil-ийн ард Mater Iniciativa нэртэй судалгааны баг ажилладаг. Биологич, антропологич, дизайнер, тогооч нар хамтран Андын бүсийн ургамал, үр тариа, байгалийн будаг, исгэлтийн арга, уламжлалт мэдлэгийг судалдаг.
Инкүүдийн байгальтай зохицон амьдрах арга ухаан, хоол хүнсээ хамгаалах арга, хамтын нийгмийн соёл гэсэн 500 жилийн түүхийг нэг дор мэдэрхийг хүссэн хүн бүрийн завал очих газар болох нь дамжиггүй.



















