Архитектур, дизайн

Фрэнк Геригийн дараагийн архитектурын гайхамшиг

Дэлхийн хамгийн нөлөө бүхий архитектур Фрэнк Геригийн зураг төслөөр хэрэгжиж буй Performing Arts Center-ийн бүтээн байгуулалт Абу Дабигийн Саадият арал дээр эхэллээ.

2030 онд ашиглалтад орох энэхүү цогцолбор нь театр, дуурь, балет, симфони найрал хөгжим, жааз болон орчин үеийн урлагийн тоглолтыг нэг дор зохион байгуулах боломжтой. Тус барилга нь 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Saadiyat Cultural District-ийн гол төслүүдийн нэг бөгөөд Лувр Абу Даби болон удахгүй нээлтээ хийх Гуггенхайм Абу Даби музейн хажууд сүндэрлэнэ. Ингэснээр Саадият арал Ойрх Дорнодын соёл, урлагийн томоохон төв болох зорилгодоо улам ойртож байна.

 

Энэхүү барилга нь Фрэнк Геригийн танигдсан урсгал хэлбэрийн архитектурыг шингээжээ. Салхинд намирах даавууг санагдуулам олон давхар хуниастай фасад нь хөгжим, бүжгийн хөдөлгөөнийг илэрхийлнэ. Оройн цагаар LED технологийн тусламжтайгаар тухайн өдрийн тоглолтын дүрслэл барилгын гадаргуу дээр харагдах юм. Дотоод орон зай нь олон төрлийн тоглолтыг зэрэг зохион байгуулах боломжтой бөгөөд дэлхийн түвшний акустик, тайзны технологиор тоноглогдоно.

 

Абу Даби сүүлийн жилүүдэд эдийн засгаа төрөлжүүлэх хүрээнд соёл, аялал жуулчлалд эрчимтэй хөрөнгө оруулж байна. Саадият аралд аль хэдийн дэлхийн хэмжээний музей, галерейнууд төвлөрөөд буй. Харин шинэ Performing Arts Center ашиглалтад орсноор олон улсын дуурь, балет, хөгжмийн наадам, театрын фестивалиудыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж, Абу Даби дэлхийн урлаг, архитектурын шинэ төвүүдийн нэг болох алхмаа улам бататгах юм.