Архитектур, дизайн

Bvlgari-ийн анхны олон нийтийн бүтээл Нью-Йоркт

High Line нь анх өндөрт байгуулсан ачаа тээврийн төмөр зам байжээ. 

Италийн тансаг зэрэглэлийн Bvlgari брэндийн АНУ дахь олон нийтэд зориулсан анхны уран бүтээл болох “auruBOROS – Urban Memory and Collective Dream” нь Нью-Йоркийн High Line цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэжээ. Берлиний уран бүтээлч Марко Канэваччи, Ена Янг нар хамтран бүтээсэн уг бүтээлийг агаараар хийллэж, түр хугацаанд тогтоосон нь үнэт эдлэл заавал хүнд, үнэтэй, мөнхийн байх албагүй гэсэн санааг илэрхийлсэн гэв. Түүнчлэн гялгар гадаргуу дээр эргэн тойрны юмс үзэгдэл ойж харагдах нь тун сонирхолтой. 

 

1934 онд ашиглалтад орсон High Line нь Манхэттэний баруун хэсгээр хүнс, мах, сүү зэрэг бараа тээвэрлэдэг ачаа тээврийн төмөр зам байжээ. Түүхт худалдааны зам дээр 10 метр орчим өндөртэй алтлаг могойг босгосон нь цаг хугацааны эргэлтийг бэлгэджээ.

 

Бүтээлийн "auruBOROS” хэмээх нэр нь алт гэсэн утгатай aurum болон сүүлээ хазсан могойг дүрсэлдэг эртний бэлгэдлээс үүдэлтэй. Тойрог болон эргэлдэх хэлбэр нь төгсгөлгүй үргэлжлэх шинэчлэл, өөрчлөлтийн санааг илэрхийлдэг. Үнэт эдлэл ийнхүү хүний биед зүүдэг жижиг хэлбэрээс гадаах ертөнц рүү шилжиж буйн илрэл болсон уг үзэсгэлэнг 9 сарын 20 хүртэл олон нийтэд хүргэнэ.