Архитектур, дизайн

Lớp гэрэл ба интерьерийн шинэ давалгаа

Lớp хэмээх үг нь Вьетнам хэлэнд 'давхарга' гэсэн утгыг илэрхийлдэг. 

Сүүлийн үеийн интерьер дизайнд “layered lighting” буюу давхар гэрэлтүүлэг гэх ойлголтыг чухалчлах болжээ. Нэг таазны гэрлээр бүх өрөөг жигд гэрэлтүүлдэг уламжлалт шийдлээс татгалзаж, оронд нь ерөнхий гэрэл (ambient lighting), ажлын зориулалттай гэрэл (task lighting), орчны уур амьсгал бүрдүүлэх (accent lighting) зэрэг олон түвшний гэрэлтүүлгийг хослуулан ашиглах болсон. 

Ийм хандлагын нэгэн илэрхийлэл нь Вьетнамын BằNG брэндийн, дизайнер Томас Венсангийн бүтээл Lớp гэрэл юм.  

 

Энэхүү гэрэл нь давхарласан тунгалаг хавтан дунд байрлах бөмбөлөг хэлбэрийн гэрэл асах үедээ хугарал үүсгэн, хөдөлгөөнгүй объектод хөдөлгөөнтэй мэт эффект бий болгож буйгаараа онцлог. Дизайны хэвлэлүүдэд уг бүтээлийг “sculptural lighting” буюу баримлан гэрэлтүүлгийн жишээ хэмээн тодорхойлжээ.

Интерьерийн салбарт гэрэл нь орон зайн мэдрэмжийг тодорхойлогч элемент гэж үздэг. Environmental psychology буюу орчны сэтгэлзүйн судалгаанд дулаан өнгийн, шууд бус гэрэлтүүлэг нь тайвшрал, тухтай байдал, төвлөрлийг бий болгох бол хэт хурц, жигд гэрэлтүүлэг нь стресс, ядаргааны мэдрэмжийг нэмэгдүүлэх хандлагатай гэж үздэг.